Хаваржилт хүндэрсэн 16 сум нөөцөлсөн өвс тэжээлээ дуусчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-03-14 22:22:58

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн 2018-2019 оны өвөлжилт хаваржилтын төлөв байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ХХААГ, Онцгой комиссоос сэтгүүлчдэд өглөө. Аймгийн хэмжээгээр 24 сумын 116 багт 9.1 мянган малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж, хаваржиж байна.

Харин Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй сумын 94 өрхийн 253 хүн, 75,8 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий аймгийн 12 сумын нутагт отроор өвөлжиж, хаваржиж байна. Аймгийн хэмжээгээр өвс тэжээлийн нөөцийг 90 гаруй хувьтай бэлтгэсэн бөгөөд сумын аюулгүйн нөөцөд 807,5 тонн өвс, 330,0 тонн тэжээл бэлтгэжээ. Мөн малын хашаа, хорооны хангамжийн хувьд аймгийн хэмжээнд бог, бод малын хашаа 100 хувь хангагдсан. Малын усан хангамжийн хувьд аймгийн хэмжээнд нийт 768 худаг бий. Үүнээс инженерийн худаг 400, уурхайн худаг 356, усан сан 36, ашиглаж буй 636 худгаар 9000 гаруй малчин өрх усаар хангагдаж байна. Улсын төсвийн 94,5 сая төгрөгөөр таван худаг, орон нутгийн хөрөнгө оруулалтын 75 сая төгрөгөөр нийт 13 худгийг шинээр гаргасан байна.


Харилцан адилгүй цаг агаарын нөхцөл байдал хаваржилтад нөлөөлж байна гэв

Завхан аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал гуравдугаар сарын 5-наас төллөж эхэлсэн. Завханы зарим газар хуурайшилт ихтэй, цастай цаг агаар хүйтэн байгаа нь мал төллөлтөд нөлөөлж хаваржилт хүндрээд байгаа гэлээ.

Ялангуяа говийн сумдад малын усан хангамж дутагдах нөхцөл үүсэж хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Ийм учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээлийн дутагдал үүсэх нөхцөл бүрдээд байгаа.

Өнөөдрийн байдлаар аймгийн нийт газар нутгийн 49 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 34 хувь нь бэлчээр хүрэлцээтэй. Харин 9 хувь нь бэлчээрийн даац хэтэрсэн, таван хувь нь олон дахин хэтэрсэн байна. Зун намрын улиралд бэлчээрийн ургац багатай, өвлийн эхэн сард цас орж дулааран мөсөн бүрхүүл тогтсон. Нэг, хоёрдугаар сард давтамжтай хүйтний температур нэмэгдсэн тул мал сүрэг нэмэгдэл тэжээлд орж, өвөлжилт, хаваржилт хүндэрч мал сүргийн хорогдол нэмэгдээд байгаа. Өнөөдрийн байдлаар Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс,Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт  хүндрэх төлөвтэй  байна.


Малчдад өвс тэжээлийг хөнгөлөлттэй

үнээр олгож байна

Завханы нэр бүхий 16 суманд хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа хэмээн аймгийн ХХААГ-аас нэмж дуулгав.

Тухайлбал 2019 оны нэгдүгээр сард аймгийн Засаг даргын захирамжаар дөрвөн ажлын хэсэг гарган малчин өрхийн 60 гаруй хувьд нь очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж шаардлагатай арга хэмжээнүүдийг хийсэн. Малчдын болон сумдын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг нэг хоёрдугаар сард зарцуулж дууссан. Аймгийн Онцгой комисс хуралдаж, сумдын хаваржилтын төлөв байдлыг авч хэлэлцэн аймгийн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвсийг үнэгүй, 90 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад олгоод байгаа. Хаваржилт хүндэрсэн сумдаас 900 тонн өвс, 500 тонн хивэг, 13,8 тн хорголжин тэжээлийн захиалга ирүүлээд байгаа гэв.

Завхан аймаг 56 хоногийн шатахууны нөөцтэй байна

Хаваржилт хүндэрсэн үед зам давааны засвар арчлалт хэрхэн хийж байгаа болон аймгийн шатахууны нөөцийн хангалтын талаар хэвлэлийн хурлын үеэр мөн дуулгав.

Тухайлбал Завхан АЗЗА-ТӨХК нь улсын чанартай долоон чиглэлийн Солонгот, Загастай, Ганц, Согоот, Агуйт гэсэн таван даваанд 1243,57 км замд таван шуурхай хэсэгт нийт 33 ажилчин, 18 машин механизм ажиллаж байна.

Завхан аймаг төвийн эрчим хүчний системээс 19 сум, Тайширын УЦС-аас хоёр сум, Гуулингийн УЦС болон гадна аймгаас цахилгаан эрчим хүчээр хангагдаж байна. Өнөөдрийн байдлаар эрчим хүч хэвийн хэмжээнд ажиллаж байгаа. Харин аймгийн хэмжээнд шатахууны бизнес эрхэлж буй нийт 59 шатахуун түгээх станц бий. Эдгээр станц нь Улаангом, Толгойт агуулахаас шатахуун татан авч жилдээ 7200-7300 тонн шатахуун, тослох материал борлуулж байна. Аймгийн нийт шатахууны зах зээлийн хэмжээ жилд 17,000 тонн гэж тооцоолдог бөгөөд түүний 45-50 хувийг “НИК” ХХК-ын Завхан салбар нийлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 3159 тонн буюу 56 хоногийн шатахуун, тослох материалын нөөцтэй байгаа. Шатахууны үнэ бусад аймгаас харьцангуй өндөр байдаг хэмээн мэдээллээ. Мөн хэвлэлийн хурлаар Завхан аймагт 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдрөөс хойш долдугаар сар хүртэл хугацаанд онгоц буухгүй болсон нь хол замд өвчтөн тээвэрлэхэд хүндрэл учруулж байгаа гэлээ.


Эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон

автомашин шаардлагатай байгаа 

Учир нь Доной нисэх буудлын онгоц хөөрч буух шороон зурвас шаардлага хангахгүй болсноос нэгдүгээр сараас эхлэн Завхан аймагт онгоц буухаа больжээ. Тиймээс өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон Говь-Алтай аймаг руу яаралтай эмчлүүлэх хүнд өвчтөнүүдийг тээвэрлэж байгаа. Зам хол учраас өвчтөнүүдэд эрсдэл өндөр. Одоогоор эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон нэг автомашинтай байна. Иймд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон, туулах чадвар өндөр Toyota LC75 ambulance автомашин нэн шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яаманд уламжлаад байна. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын харьяа 29 байгууллагын 965 эмч, эмнэлгийн ажилчид 73 мянга 600 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагууд 84 машин мод, 139,3 тонн нүүрстэй, нэгээс хоёр сарын нөөцтэй байна.

Харин зайлшгүй шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн хангамж эмнэлэгт 40-95 хувьтай харилцан адилгүй. Түргэний машинд 30-96 хувь буюу яаралтай үед хэрэглэгдэх эм тарианы хангамж 10 хоног, гурван сарын нөөцтэй байгаа. Эрүүл мэндийн 29 байгууллагын 57 автомашинууд шатахууны хүрэлцээ нэгээс хоёр сарын нөөцтэй. Цаг хүндэрсэн үед хэрэглэх шатахууны хэрэгцээ хоёр дахин нэмэгдэж, нөөц хүрэлцэхгүй байдал үүсэх магадлалтай байгаа гэв. Отор нүүдлээр яваа малчдын 0-5 настай 49 хүүхэд, жирэмсэн хоёр, архаг суурь өвчтэй 22, ахмад настан 9, хөгжлийн бэрхшээлтэй найман иргэн байгаа. Эдгээр иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн төв, багийн эмч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухай бүр нь үзүүлж байгаа хэмээн нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ