Наймдугаар багийн хүүхдүүд СӨБ-д бүрэн хамарч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-15 14:48:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд баригдаж эхэлсэн цэцэрлэгийн барилга бүрэн дуусч хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаагаа эхэлжээ. Ингэснээр Дархан сумын 8 дугаар багийн 150 хүүхэд тус цэцэрлэгт явах боломжтой боллоо. Цэцэрлэгийн албан ёсны нээлт өнөөдөр болов. УИХ-ын гишүүд болон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн сурах ая тухтай орчныг бүрдүүлэхээр тусгагдсан нь биелэлээ олж байна.

Цэцэрлэгийн төсвийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон аймаг орон нутгийн удирдлагууд хамтран улсын төсөвт суулгажээ.

Дархан сумын 8 дугаар баг нь гэр хороолол, орон сууц хосолсон томоохон багийн нэг юм. Энэ багт цэцэрлэгийн насны 700 орчим хүүхэд байдаг аж. Эдгээрээс 400 орчим хүүхэд тус багийн 23 цэцэрлэгийн 1,2 дугаар салбар болон 6 дугаар цэцэрлэгт сурч боловсорч байна. 150 орчим хүүхэд харъяалалын бус багийн болон хувийн цэцэрлэгт хүмүүждэг ажээ. Өнгөрсөн оны байдлаар тус багт 100 гаруй хүүхэд огт цэцэрлэгт хамраагүй гэсэн судалгааг гаргасанаар 23 дугаар цэцэрлэгийн хашаанд 150 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийг барихаар улсын төсөвт хөрөнгийг суулгасан нь энэ аж. Ингэснээр тус багийн хүүхэд багачууд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрах нөхцөл бүрдэж байна.

Шинээр барьсан 27 дугаар цэцэрлэг өнгөрсөн сарын 25-28-ны өдөр бүртгэлээ хийж өнөөдрийн байдлаар 124 хүүхэд хүлээн авч, 25 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ