Баян-Өлгийд "Элсэлтийн шалгалт-2019" аян эхэллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-15 15:49:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 130 тоот захирамжаар "Элсэлтийн шалгалт-2019" аяныг энэ сарын 13-ны өдрөөс өрнүүлээд байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх 12 дугаар ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад богино хугацаанд эрчимтэй бэлтгэх зорилготой уг аян ирэх тавдугаар  сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Уг асуудлаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын нэгжийн дарга А.Еркегүлээс тодруулахад, "Аяны хүрээнд эцэг эх, багш, сурагчдад ЭЕШ-ын талаар мэдээлэл хүргэх, "Миний сонголт амьдралын баталгаа" сэдэвт эсээний уралдаан зарлах, цахим хэлбэрээр сорилгын шалгалт авах, сонгох хичээлийн багш нарт уулзалт, сургалт зохион байгуулах, тойм лекц явуулах зэрэг нийтдээ 12 ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Мөн энэ жилийн шалгалтаар ямар түвшинд хүрнэ гэдгээ сургууль тус бүрээр тодорхойлж, түүний дагуу арга хэмжээнүүд авч байна. Өнгөрсөн онд ЭЕШ-ын ерөнхий дүнгээр манай аймаг 40,2 оноогоор ахисан. 2019 оны хувьд түүнээс ч илүү амжилт гаргах боломж байгаа" гэлээ.

Баян-Өлгий аймагт энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад аймгийн төвөөс 625, хөдөө сумдаас 782, нийтдээ 1407 сурагч оролцохоор бүртгүүлж, бэлтгэлдээ ороод байна.  

Холбоотой мэдээ