Дорнын их найрагчийн мэндэлсний 90 насны ойн үйл ажиллагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-15 22:39:22

Завхан/МОНЦАМЭ/өрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн төрсөн бууц Алдархаан сумын нутаг “Ар амны тасархай”-д түүний мэндэлсний 90 жилийн ойн үйл ажиллагааны нээлт боллоо.

Дорнын их яруу найрагч 1929 оны гуравдугаар сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд энэ жил түүний 90 насны түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр Завхан аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн Утга зохиолын нэгдэл хамтран ажиллаж байгаа аж. Түүхэн ойн нээлтийн үеэр Алдархаан сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн Морин хуурын тоглолт, “Шүлэг минь –Хүлэг минь” шүлгийг 91 хүүхэд уншиж, Б.Явуухулангийн шүлгээр бүтсэн Г.Алтанхуягийн аялгуу “Эхийн тухай дуу”, Д.Даваасүрэнгийн аялгуу “Вансэмбэрүү”, Ц.Чулуунбатын аялгуу “Зөвхөн Монголдоо” дууг 10,11,12 дугаар ангийн хүүхдүүд хоороор дуулав.

Мөн үеэр “Хөнгөн бийр” дугуйлангийн хүүхдүүдийн бүтээл, “Хулангийн унага”, Уран зохиолын дугуйлангийн хүүхдүүдийн шүлэг бүтээлээс толилуулж их найрагчийн төрсөн бууцан дээр шүлэг дуу халгисан өдөр болов. Энэхүү үйл ажиллагааг Дэлхийн яруу найргийн өдрийг угтан их найрагчийн уран бүтээлийн өвийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний бахархлыг дархлах замаар үйл хэргийг нь үргэлжүүлэх, утга зохиолоор дамжуулан хүнлэг энэрэнгүй иргэн төлөвшүүлэх зорилготой зохион байгуулжээ. Ийнхүү түүний төрсөн өдөр ”Явуу-90” хүндэтгэлийн үйл ажиллагааны албан ёсны нээлтийг аймгийн ЗДТГ, Алдархаан сумын ЗДТГ, Боловсрол, Соёл Урлагийн газар, Утга зохиолын нэгдэл, Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмана–Эрдэнэ лаборатори сургууль, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, Жавхлант хийморь хоршоо хамтран зохион байгууллаа. Б.Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойг улс, аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ хэмээн Завхан аймгийн Утга зохиолын нэгдлээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ