Х.Батырбек Казахстанд философийн ухааны докторын зэрэг хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-15 22:41:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Мусульман нийгэмлэгийн тэргүүн Х.Батырбек Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Н.Назарбаевын нэрэмжит Төрийн удирдлагын академид "Аж үйлдвэрийн хөгжлийг төрөөс удирдах нь" сэдвээр философийн ухааны доктор /PhD/-ын зэргийг өнөөдөр амжилттай хамгаалжээ.

Тэрээр 2015 оноос Казахстан Улсын Караганды хотын Эдийн засгийг их сургуулийн докторантурт суралцаж, тус сургуулийн дэргэдэх Эдийн засаг, эрх зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Сихымбаева, Монгол Улсын ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академийн Сургалтын албаны дарга доктор, профессор Я.Бямбаяр нарын удирдлага дор Монгол болон Казахстан улсуудын аж үйлдвэрийн хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвиж байжээ.

Түүний хувьд 2019 он гарснаас хойш Баян-Өлгий аймгаас эрдмийн ажил хамгаалсан хоёр дахь хүн болж байгаа бөгөөд Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль, нийгмийн ухааны тэнхимийн багш Х.Дареже “БНМАУ-ын казах үндэстний сэхээтэн төлөвшин бүрдсэн асуудал” /1921-1990 он/ сэдвээр түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг өнгөрсөн сард мөн амжилттай хамгаалсан юм.

Холбоотой мэдээ