Улс даяар онц байдал зарлахтай холбогдуулан Д.Трамп хориг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-16 10:53:16

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан онц байдлыг Конгрессын гишүүд хүчингүй болгох тогтоол баталсантай холбогдуулан тэрбээр хориг тавьсан байна.


Пүрэв гарагт Ардчилсан намын сенатчид болон Бүгд найрамдах намын 12 сенатчийн саналаар Ерөнхийлөгчийн өнгөрсөн сард зарласан онц байдлыг цуцлах тогтоолыг баталсан юм.


Одоо Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүчингүй болгохын тулд хоёр танхимын гишүүдийн гуравны хоёрын санал хэрэгтэй бөгөөд энэ нь бараг боломжгүй зүйл ажээ.


Ерөнхийлөгч Д.Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд тавьж буй анхны хориг энэ юм. Тэрбээр баасан гарагт мэдэгдэхдээ, Ерөнхийлөгчийн хувьд улс орноо хамгаалах нь хамгийн чухал үүрэг юм гэжээ.


Д.Трампыг дэмжиж буй хүмүүсийн дунд Дотоодын аюулгүй байдлын сайд Кирстьен Нильсен, Дэд ерөнхийлөгч Майк Пенс, Хууль зүйн сайд Уиллиам Барр болон хууль бус цагаачдын гарт хүүхдүүдээ алдсан эцэг эхчүүд багтаж байна.


“Конгресс уг тогтоолыг батлах эрхтэй бол би үүнд нь хориг тавих үүрэгтэй. Хориг тавьж буйдаа баяртай байна” гэж Ерөнхийлөгч мэдэгджээ. Манай улсын зүүн хилээр давах хууль бус цагаачдын дийлэнх нь гэмт хэрэгтнүүд хэмээн Д.Трамп удаа дараа мэдэгдсээр байгаа юм.

Холбоотой мэдээ