Энэ жил хэнтийчүүд Улсын аварга шалгаруулах 11 тэмцээнийг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Зам тээврийн хөгжлийн яам, “Харгуй” ТӨХК, Зам тээврийн хөгжлийн төвөөс зүүн бүсийн авто замчдын урлаг, спортын наадмыг энэ сарын 15-17-ны өдөр зохион байгууллаа.
Наадамд “Налайх АЗЗА” ТӨХК, “Дорноговь АЗЗА” ТӨХК, “Дорнод авто зам” ХХК, “Борхойн Зам” ХХК, “Саруул харгуй” ХХК, “Талын зам” ТӨХК, “Багануур АЗЗА” ТӨХК, “Харгуй” ТӨХК-ийн нийт 140 орчим замчин спортын тав, урлагийн таван төрлөөр өрсөлдөв.
Нээлтийн үеэр замчдад амжилт хүсч, сүүлийн жилүүдэд улсын томоохон тэмцээнүүдийг аймагтаа зохион байгуулж буйгаа Н.Ганбямба дарга мэдээллээ. Тухайлбал, нэг аймагт улсын чанартай тэмцээн нэгээс хоёр удаа ховорхон тохиодог бол өнгөрсөн жил УАШ арван тэмцээнийг Хэнтийд явуулсан. Энэ нь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бодитой хөрөнгө оруулалт болдог. Үүний бэлээхэн жишээ нь УАШ үндэсний сур харвааны тэмцээн зохион байгуулахад 790 харваач, тэднийг дагасан дасгалжуулагч, жолооч, гэр бүлийнхэн гэх мэтчилэн 1700 гаруй хүн хүрэлцэн ирж, хоёр хоногийн турш буудаллаж, томоохон худалдан авалт хийснийг хэнтийчүүд мэднэ. Тэгвэл энэ жил аймагтаа УАШ 11 тэмцээн зохион байгуулахаа мэдэгдсэн юм.
Мөн замчдад “Харгуй” ТӨХК нь Хэнтий аймгийг дайран өнгөрдөг 509 км улсын зам хариуцдаг, сүүлийн жилд 1,4 тэрбум төгрөгийн зам засвар, арчлалт, бүтээн байгуулалт хийсэн талаар дурдаж, энэ хавраас Дадал сум руу чиглэсэн 270 км зам, Бор-Өндөрөөс Даланжаргал сум руу чиглэсэн 45 км зам тавьж эхлэхийг мэдээлэв.