Хөшөөт багийн иргэд эрүүл мэндийн нөхөн олговор олгохыг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-18 14:35:33

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Хөшөөтийн уурхай дахь Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг тус багийн иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр улсын төсөв болон Мо-Эн-Ко ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлууд, цаашдын зорилтын талаар иргэдэд танилцуулж, харилцан санал солилцлоо.



Хөшөөт багийн иргэд хэлэхдээ, “Шинэ суурьшлын бүс рүү нүүлгэх асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэсэлгээний дуу чимээ, тоосжилттой орчинд 10 гаруй жил амьдарч эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн учраас эрүүл мэндийн нөхөн олговор олгох, шилжин суурьшсанаас хойш ажлын байраар бүрэн хангана гэсэн баталгааг компаниас гаргаж өгөхийг хүслээ. Мөн Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багийн иргэдийн төлөөллийг оруулах санал гаргав.

Тус ажлын хэсэг иргэдийн саналд бодит тооцоо, судалгаа гаргасны үндсэн дээр Мо-Эн-Ко ХХК-ийн Монгол дахь удирдлагуудад нь уламжилж,  шийдвэрлэх боломж гарцыг тодорхойлон зөвшилцөхөөр боллоо.

Хөшөөт багийн шинэ суурьшлын бүс нь Цэцэг сумын төвөөс 4-5 метрийн зайд  байгаа бөгөөд Өнгөрсөн 2018 онд Улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ суурьшлын бүсэд багийн төвийн байр, цахилгааны шугам сүлжээ татсан бол Мо-Эн-Ко ХХК-ийн хувьд Ховд аймагтай байгуулсан гэрээний дагуу тус багийн шинэ суурьшлын бүсэд айл өрхүүдийн 111 хашааг татсан байна.

Цаашид 100 хүүхдийн цэцэрлэг, Халуун усны газар, Ус түгээх цэг зэргийг барьж байгуулахаас гадна орон сууцтай айл өрхүүдэд орон сууцыг нь барьж өгөхөөр төлөвлөж байна. Мөн нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх 8-9 дүгээр сард зохион байгуулах аж.

Хөшөөтийн уурхайгаас 20-30 орчим метрийн зайд Цэцэг сумын Хөшөөт баг байрладаг. Тус багт 200 гаруй өрхийн 820 орчим иргэн амьдарч байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагаа, хөрсний эвдрэл, тоосжилтоос шалтгаалан оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа учир нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.




Холбоотой мэдээ