Шин Хаймин: Монголын талын дэвшүүлсэн асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийг хичээж байна

Монголын мэдээ | Улс төр
khandmaa@montsame.gov.mn
2019-03-19 12:07:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Саяхан хуралдаж дууссан 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар хурлын үр дүн, гаргасан шийдвэрийн талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2019 оны 3-р сарын 15-нд хэвлэлийн хурал зохион байгуулав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Ян Чиндүн, улс төрийн газрын дарга Гү Имин нар энэ удаагийн хэвлэлийн хуралд оролцов. 

Элчин сайд Шин Хаймин 2019 оны 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар хурал дээр Ерөнхий сайд Ли Көчяны тавьсан Хятадын засгийн газрын ажлын тайлан, өнгөрсөн жил дэх ололт амжилт болон ирээдүйн хэтийн төлвийн талаар танилцуулж, хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулав. Тэрээр, энэ удаагийн хурлаар аж ахуйн нэгжийн татварын хураамжийн хэмжээг ихээхэн багасгаж, гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинээр баталсан, гадаадад нээлттэй байх бодлогоо улам өргөтгөсөн тухай зорилтыг танилцуулав.

Ингээд Элчин сайд Шин Хаймин сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

МОНЦАМЭ: Хурлаар гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хуулийг баталлаа. Ямар шинэ нэмэлт өөрчлөлт оруулав? 2 чуулганаар Хятад улсын гадаад бодлогод ямар шинэ агуулга нэмэгдсэн бэ? Та Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд, хоёр улсын харилцааны хэтийн төлвийг хэрхэн үзэж байна вэ?  Хятадын Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээ гадны зах зээлд гаргахыг  түлхүү дэмжинэ гэсэн. Энэ тал дээр Хятадын томоохон компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулах талаар ямар арга хэмжээ авна гэж бодож байна вэ?

Шин Хаймин: Гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд Хятад улсад ажиллаж буй гадаадын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарын хууль эрх зүйн баталгааг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх юм.

Хоёрдугаар асуултын хувьд, энэ жил Хятад улсын гадаад хамтын ажиллагаанд  томоохонд тооцогддог 2 дахь удаагийн “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний форум, Бө Аогийн эдийн засгийн форум, Импортын ЭКСПО зэрэг томоохон олон улсын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулна. Бид дэлхийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэх, дэлхий нийтэд нүүрлэж буй сорилтуудыг даван туулахад илүү идэвхтэй оролцох болно. Тогтсон дүрмээр ажилладаг олон улсын дэг журмыг хамгаалж, том гүрнүүдтэй болон хөрш орнуудтай тогтвортой хамтын ажиллагааг өрнүүлэх болно. Хятад, Монгол хоёр улс нь мөнхийн хөршүүд. Бид Монгол Улсыг “Бүс ба зам” санаачилгын  “байгалийн” түнш гэж хэлж болно. Өнөөгийн байдлаар, дэлхийн маш олон улс гүрнүүд энэ санаачилгад нэгдэж байгаа. Хятад, Монгол хоёр улс 4700 гаруй км газраар хиллэдэг ба “Бүс ба зам” болон “Хөгжлийн зам” хоёрыг хооронд нь уялдуулж хөгжүүлэх асар их нөөц бололцоо, боломж байна. Бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлснээр хоёр улсын ард иргэдэд үр өгөөжөө өгөх нь хамгийн чухал. Одоогийн байдлаар, Монгол Улсын эдийн засгийн байдал харьцангуй сайжирч байна. Иймээс ирэх жилүүдэд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ өндөр түвшинд хүргэхийн төлөө чармайн ажиллах болно.

3-р асуултын хувьд, бид дотооддоо эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, хэт үйлдвэрлэлийг хязгаарлаж байгаа. Ган төмөрлөг, нүүрсний салбарт мөн ийм бодлого баримталж байна. Гэвч бид Монгол Улсын эрх ашгийг харгалзан үзэж нүүрс авсаар байгаа. Цаашид бид хоёр улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн тулд улам олон салбарыг хамарсан ажил явуулах болно. Өнгөрсөн жил Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээ 11 тэрбум долларт хүрсэн байна. Үүнээс Хятад улстай хийсэн худалдааны хэмжээ 8,5 тэрбум долларт хүрсэн байна. Цаашид Монгол Улсын худалдааны хамгийн том түншийн хувьд, Хятад улсын хөгжлийн үр өгөөжийг түүнд илүү хүртээх талаар илүү анхаарч ажиллах болно. Монголын талын дэвшүүлсэн хонь, үхрийн мах, гурилыг Хятадад экспортлох, нүүрсний экспортыг  нэмэгдүүлэх зэрэг асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийн тулд хичээн зүтгэж байна.

Дөрөвдүгээр асуултын хувьд, Хятадын аж ахуйн нэгжийг гадаадын зах зээлд гаргах бодлогод гадаадад нээлттэй байх бодлогыг тууштай хэрэгжүүлэх, бусад улс орнуудтай Хятадын хөгжлийн үр ашгийг хуваалцаж, Хятад компаниудын Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж  харилцан ашигтай зарчмаар хөгжүүлэх болно. Ингэснээр олон улсын үйлдвэрлэлд идэвхтэй оролцож, цаашлаад гуравдагч орон руу зах зээлээ тэлэх боломж бүрдэх юм. Хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэнэ гэсэн зорилт тавьснаас өнгөрсөн жил 8,5 тэрбум долларт хүрсэн ба энэ жил илүү шинэ түвшинд хүрэх байх гэж найдаж байна. Хятад улсаас энэ зорилтоо биелүүлэхийн төлөө чармайн  ажиллах болно. Монголын талаас ч мөн адил хичээл зүтгэл гаргахыг хүсэж байна.

Мэдээллийн Синьхуа агентлагийн УБ дахь салбар: “Бүс ба зам”, “Хөгжлийн зам”-ыг уялдуулах бодитой ямар ажлыг өрнүүлж байна вэ? “Бүс ба зам” санаачилгын хүрээнд, Монгол Улстай хамтран ямар төсөл хэрэгжүүлж байна вэ? Уул уурхайн бус бүтээгдэхүүнийг Хятад улс руу экспортлоход ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

Шин Хаймин: Бүс ба зам” бол санаачилга болохоос стратеги биш юм. Торгоны замын эдийн засгийн бүс болон далай дээрх торгоны замыг уялдуулах гэсэн ойлголт. Санаачилгад нэгдсэн аливаа улс орон өөрийн хөгжлийн зургийг уялдуулж, өөрийн улс орны ард түмэнд үр өгөөжөө өгөх ийм гол зорилготой юм. Монгол Улс “Бүс ба зам” санаачилгын хамтын ажиллагааны  “байгалийн” түнш юм. Бид “Бүс ба зам” болон “Хөгжлийн зам”-ын уялдаа холбоог эрчимжүүлэх талаар санамж бичигт гарын үсэг зурсан ба үүнд хамтран ажиллах тодорхой төслүүдийг дурдсан байгаа. Үүнд, төмөр замын өргөтгөн шинэчлэх, авто замын шинээр тавих зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны бодит төслүүд багтаж байна. Энэ дотор, мөн Хятад, Монгол, Орос гурван улсын хамтын ажиллагааны бодит төслүүд тусгагдсан байгаа. Гэвч энэ бүх төслийг хэрэгжүүлэхийн тулд талууд тус бүрдээ нарийн судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулсны дараа эдгээр төслийг эхлүүлэх болно. Энэ жил болох 2 дахь удаагийн “Бүс ба зам” дээд хэмжээний олон улсын хамтын ажиллагааны форумаар хоёр талын төслийг уялдуулах ажлыг улам бүр эрчимжүүлэх асуудлыг шийднэ. Энэ хүрээнд, ямар ямар дэд төсөл хэрэгжүүлж болох талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тогтооох байх гэж найдаж байна.

Хэдийгээр, Хятад нүүрсний үйлдвэрлэлийг хязгаарлаж буй ч Монгол Улсаас нүүрс импортолж буй нь “Бүс ба зам”-ыг “Хөгжлийн зам”-тай уялдуулж байгаагийн илрэл, хөрш орнуудтай  баримталдаг “найрсаг, хүртээмжтэй, үнэнч шударга” гэх бодлогын илрэл ч гэж ойлгож болно. Тухайлбал, Шанси мужид олон нүүрсний уурхайг хаасан боловч Монголоос нүүрс импортлосоор байгаа. Уул уурхайн бус бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох тал дээр бид бас нааштай байр суурь баримталж байна. Импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулсан байгаа. Мөн Эрээн, Замын-Үүд зэрэг боомт хотуудад чөлөөт худалдааны бүсээр дамжуулан Монголын бүтээгдэхүүн Хятадын том зах зээлд гаалийн маш бага тариф эсвэл тарифгүйгээр гаргах нөхцөл боломж бүрдэх юм. Эрээн, Замын-Үүдийн чөлөөт бүсийг амжилттай хэрэгжүүлж чадвал Зүүн хойд Азидаа ч нэгэн шинэ эдийн засгийн бүс бий болох юм. 

                                                                                          Б.Мөнхтуул

Холбоотой мэдээ