Б.Дэлгэрмаа: Манай салбарт Баянхонгор аймгийн 44 мянга гаруй иргэн хувьцааны данс нээлгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-19 17:58:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Гүүдсек" ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын эрхлэгч Б.Дэлгэрмаатай Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай холбоотой асуудлаар ярилцлаа.


 

-“Гүүдсек” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, явуулж буй үйл ажиллагаанаас яриагаа эхлэе.

-“Гүүдсек” ХХК нь 2008 онд байгуулагдан үнэт цаасны зах зээлд брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  Монголын хөрөнгийн биржийн гишүүн бөгөөд Улаанбаатар хот болон Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт албан ёсны салбараа нээн үйл ажиллагаа явуулж байна. Иргэдэд хувьцаа болон бонд худалдах, худалдан авах арилжаанд зуучлах, хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, үнэт цаасны данс нээх, үнэт цаас гаргахад андеррайтер хийх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.



-Баянхонгор аймгийн салбар хэзээнээс ажиллаж эхлэв. Иргэд  данс нээлгэхэд аль компани нь албан ёсны зөвшөөрөлтэйг тэр бүр мэдэхгүй байх шиг.

-“Гүүдсек” ХХК-ийн Баянхонгор дахь салбар Санхүүгийн зохицуулах хороо, тус аймгийн ЗДТГ-ын зөвшөөрлөөр 2018 оны наймдугаар сараас салбарын гэрчилгээгээ авч, албан ёсоор байнгын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Иргэд хаана үнэт цаасны дансаа нээлгэхээ мэдэхгүй, ямар компани нь албан ёсны зөвшөөрөлтэйг мэдэхгүй эргэлзэж байвал хөрөнгийн биржийн www.mse.mn, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn гэсэн сайтаас орон нутагт бүртгэлтэй үнэт цаасны компаниудын жагсаалтаас харж болно.



-Ихэнх иргэн хувьцааны талаарх ойлголт бага байдаг. Хувьцааны талаар тодруулахгүй юу?

-Хувьцаа гэж ямар нэгэн компанид хѳрѳнгѳ оруулж, орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах, аль эсвэл хѳрѳнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломжийг гэрчилсэн үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл та тухайн компанийн хувьцааг эзэмшсэнээр тэрхүү компанийн тодорхой хувийг эзэмшиж байгаа гэсэн үг юм. Энэ нь хэрвээ та 10 мянган хувьцаа гаргасан компанийн 1000 ширхэг хувьцаа эзэмшлээ гэж бодвол та тухайн компанийн 10 хувийг эзэмшиж байна гэсэн үг. Мѳн танд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, саналаа ѳгѳх эрх нээгдэнэ.



-Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны талаар?

-УИХ, Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны 20 хувь, Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг 2010 онд гаргасан. Шийдвэрийн дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүр хувьцаатай болсноос гадна "Эрдэнэс Монгол" компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг хэзээ төрснөөс үл хамааран үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон байдаг. Тухайн хувьцаагаар компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах болон хуулиар тогтоосон бусад эрхийг эдлэх боломжтой. 



-Хувьцааны данс нээлгэсний ач холбогдол  юу вэ? Иргэн бүр данс нээлгэх ёстой юу?

-Хувьцааны данс гэдэг нь зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны данс биш хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа бүхий л хувьцаа үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой гэдгийг ойлгох нь зүй. Данс нээлгүүлснээр 1072 ширхэг  хувьцаагаа өөрийн хөрөнгө болгон авч байна гэсэн үг. Мөн ногдол ашиг олговол үнэт цаасны данс нээлгэсэн иргэдээс эхлээд ашиг хүртэх боломж бүрдэнэ.



-Иргэд хэдэн ширхэг хувьцаатай, данстай эсэхээ хэрхэн шалгах вэ?

-Иргэн  хувьцаагаа  шалгах хэд хэдэн арга бий. www.schcd.mn гэсэн хаягаар орж регистрийн дугаараа оруулаад шалгаж болно. Мөн 158989 тусгай дугаарт гар утаснаасаа латин үсгээр регистрийн дугаараа  явуулж шалгах боломжтойгоос гадна манай компани дээр ирж шалгуулах эсвэл “Эрдэнэс Тавантолгой”-н 18001072 гэсэн дугаарт залган хувьцаагаа шалгах боломжтой.



-Одоогийн байдлаар танай компанид хэчнээн иргэн данс нээлгээд байна вэ?

-2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 144 мянга гаруй иргэн данс нээлгэсэн байна. Үүнээс Баянхонгор аймгийн салбарт 44 мянга гаруй иргэн данс нээлгээд байна.



-Бид хувьцаагаа худалдах боломжтой юу? Цахим сүлжээгээр хувьцаа худалдаж авна гэсэн зар цөөнгүй харагддаг.

-“Эрдэнэс Таван толгой” ХК нь хувьцаагаа үнэт цаасны зах зээл дээр гаргаж эхэлсний дараа иргэн хувьцаагаа захиран зарцуулах эрх үүснэ. Одоогоор хувьцаа эргэлтэд ороогүй байгаа учир хувьцаагаа зарах боломжгүй. Сошиалаар явж буй 1072 ширхэг хувьцааг өндөр үнээр худалдаж авна, үнэт цаасны данс нээлгэх хүсэлтэй хүмүүс мэдээллээ үлдээ, онлайнаар данс нээнэ гэсэн зарууд нь бүгд худал ташаа мэдээлэл юм. Иргэд энэ мэт эрсдэлтэй хуурамч мэдээлэлд аль болох өртөхгүй байх талаасаа анхаарах хэрэгтэй. Иймээс иргэд өөрсдийн мэдээллийн нууц байдлаа хадгалж албан ёсны зөвшөөрөлтэй компаниар үйлчлүүлэхийг зөвлөе.



-Хувьцааны данс нээлгэх иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Насанд хүрсэн иргэн иргэний үнэмлэх, данс нээлгэх хураамж 7500 төгрөг төлсөн баримт, 16 нас хүрээгүй хүүхэд төрсний гэрчилгээ, асран хамгаалагчийн аль нэгнийх нь иргэний үнэмлэхийн хамт, данс нээлгэх хураамж 7500 төгрөг төлсөн баримт байхад болно.



-1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018 онд төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлж 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Иймээс иргэддээ ногдол ашиг олгоно гэж тус компанийн захирал Б.Ганхуяг мэдэгдсэн байгаа. Нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг олгохыг дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэж Засгийн газарт хүргүүлсний дараа тодорхой болох ёстой.



-Хувьцаа болон данс нээхтэй холбоотой асуудалд иргэд юун дээр анхаарах талаар зөвлөгөө өгөх үү.

-Нэн түрүүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаасаа ашиг хүртэх иргэд нэн даруй дансаа нээлгэх хэрэгтэй. Иргэний дансыг Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв нээхэд ихээхэн цаг хугацаа орохоор байгаа ба 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар данс нээлгэх хүсэлтээ өгсөн 150.000 гаруй иргэний материал нэг сар болон түүнээс дээш хугацаагаар ҮЦТХТ-д хүлээгдэж байна. Данс нээгдсэнээр ашиг хүртэх боломжтой болно. Дансаа нээлгээгүй иргэн ашиг хүртэх боломжгүй.

Холбоотой мэдээ