Сурагчид жүжигчилсэн тоглолтоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-22 12:39:33

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд жүжигчилсэн дүрийн тоглолтын уралдаан зарлаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд таван сургуулийн баг оролцож, “Хурдан морь унаач хүүхдийн эрх”-ийн талаар тоглолт үзүүлсэн Спортын сургуулийн баг тэргүүн байр, “Хайр харуусал” сэдвээр тоглолт бэлдсэн 2 дугаар сургуулийн баг дэд байрт оржээ.

Энэхүү уралдааны гол зорилго нь хүүхдийн авъяас билгийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдээр дамжуулан бусдад нөлөөлөх, хууль тогтоомжийн хүрээнд хүний эрх, эрх чөлөө хэрхэн хөндөгдөж, ямар үр дүнд хүрч байгаа болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өртөж хохирохоос хамгаалах арга замыг зохиомжид тусгаж үзүүлэх байлаа.

Аймгийн хэмжээнд Засаг даргын захирамжаар жилийн бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдааныг хориглосон байдаг. 2018 оны тухайд хурдан морь унаач хүүхдүүд 100 хувь хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болж даатгуулсан байна. Энэ ч үүднээс хүүхэд мориноос унаж бэртсэн тохиолдол гараагүй байна.

Холбоотой мэдээ