"Дунд-Цэнхэр" хэмээх газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-30 21:49:48

Ховд /МОНЦАМЭ/. Мөнххайрхан сумын газар нутгийн 10,69 хувийг эзэлдэг "Дунд-Цэнхэр" хэмээх газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.

Монгол Алтай нурууны ноён шовх оргил мөнх цаст Мөнххайрхан уулаараа овоглосон Ховд аймгийн Мөнххайрхан сум нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгаараа бусад сумаас ялгардаг.

Тус сумын газар нутгийн байгалийн өвөрмөц  тогтоц, унаган төрх, ойн, усан сан, амьтан ургамал бүхий экологийн хувьд  ач холбогдолтой, зайлшгүй хамгаалах шаардлагатай Алаг, Хаг багийн нутаг дахь “Дунд-Цэнхэр” хэмээх газрын 27305,41 га талбайг сумын ИТХ-ын 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус хуралдааны 03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалттай газар болгох шийдвэр гаргав.    

Дунд-Цэнхэрийн тусгай хамгаалалттай газар нутгийг энэ оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2039 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу 20 жилийн хугацаанд хамгаалалтад авчээ   


Аймгийн хэмжээнд Улсын тусгай хамгаалалтад 2,654,576 га буюу 34,9 хувь, орон нутгийн тусгай хамгаалалтад 425938,128 га буюу 5,6 хувь нь хамарч, нийт газар нутгийн 40,5 хувь нь хамгаалалтад орсон байдаг.   


Холбоотой мэдээ