Аялал жуулчлалын үзэсгэлэнд Хонгор нутгаа сурталчиллаа

Фото
munkhzul@montsame.mn
2019-04-02 16:50:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2019” үзэсгэлэн уламжлал ёсоор гуравдугаар сарын

29-31-нд "Мишээл Экспо" төвд боллоо.

Энэ жилийн үзэсгэлэнд нийт 300 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулснаас гадна гадаад, дотоод зах зээл дээрх үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ хэлэлцээ хийхийн зэрэгцээ харилцан туршлага солилцсон байна.

Үзэсгэлэнд Говь хангайн цэнхэр орон, гурван бүсийн Хонгор нутгаас аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны хамт олон, “Баянхонгор-Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбоо, “Хүүхдийн тэмүжин театр”, “Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбоо”, “Шаргалжуут” амралт сувиллын газар, жуулчны 10 гаруй бааз оролцжээ. Мөн малчны нөхөрлөл, гэр буудал, гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл, “Талын эзэн” ХХК буюу Наад брэнд “Баянхонгорт үйлдвэрлэв” зэрэг газрын төлөөллүүд оролцож орон нутаг, өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилжээ.