"Монгол бол ардчиллын баянбүрд" олон улсын хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс болон зүүн Европын орнуудад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн 30 жилийн ойн хүрээнд, “Монгол бол ардчиллын баянбүрд” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 12 дугаар сарын 5-нд зохион байгуулах тухай Ардчилсан нам /АН/-аас өнөөдөр мэдээлэв.
Энэ талаар АН-ын дэд дарга Р.Амаржаргал хэлэхдээ, “Ардчилсан хөдөлгөөн анх 30 жилийн тэртээ жагсаал, цуглаан өрнүүлсэн цаг мөчийг Монголын ардчиллын эхлэл гэж үздэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний мөрөөдөж, зорьсон ардчилал зохих хэмжээнд хүрсэн байна. Ойг тохиолдуулан нэлээд ажил төлөвлөсний оргил нь энэхүү олон улсын хурал юм. Дээрх хурлын бэлтгэлийг жил гаруй хугацаанд хангасан” гэв.
АН-ын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, “Намын дарга С.Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард олон улсын ардчилсан холбооны удирдагч нарын уулзалтын үеэр, Монголын ардчилсан хөдөлгөөний 30 жилийн ойг тохиолдуулан олон улсын хурал зохион байгуулах саналаа албан ёсоор дэвшүүлсэн. Энэ дагуу тус холбоотой хамтран Монголын ардчиллын хөгжлийн алдаа, оноог дүгнэн хэлэлцэх олон улсын хурлыг зохион байгуулахаар боллоо. Монгол Улс чөлөөт эдийн засагтай, эрх чөлөө, хүний эрхийг хүндэтгэдэг, сонгуулийн дүнгээр, тайван замаар засгийн эрхээ шилжүүлдэг. Гэвч өнөөдөр 30 жил хөгжиж ирсэн ардчиллын хувь заяанд болгоомжлох асуудлууд гарч ирсэн. Тиймээс зөв ардчиллыг хөгжүүлэхийн тулд үзэл бодол төстэй орны төлөөлөлтэй хэлэлцэх шаардлага тулгарсан гэж бодож байна” гэв.
“Ардчиллаар 200-300 жил хөгжиж ирсэн гадаад орны жишгийг бид судалж, дагаж ирсэн. Сүүлийн үед бид өөрсдөө шинэхэн ардчилалд шилжиж байгаа орнуудад туршлагаа хуваалцаж байна” хэмээн тус хурлын ажлын багийг ахлаж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Я.Батсуурь онцлов.
Тэрбээр, “Хурал нь “Монгол бол ардчиллын баянбүрд” гэсэн сэдвээр өрнөнө. Олон улсын ардчилсан холбоонд, ардчиллаар хөгжиж ирсэн дэлхийн 80 гаруй улс орны төлөөлөл багтдаг. Үүнээс дор хаяж 50-60 орны төлөөлөл оролцоно гэж тооцоолсон. Ардчиллын замаар хөгжсөн барууны орны намын төлөөлөл, улс төрийн лидерүүдийг оролцуулахаар ажиллаж байна. Монголын ардчилал 30 жилийн хугацаанд, ахицтай хөгжиж байгааг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Үүнд ямар алдаа, оноо байсныг дотоод болон гадаадын эрдэмтэд илтгэл хэлэлцүүлж, цааш хэрхэн ардчиллыг хөгжүүлэх арга замыг дээрх хурлаар тодорхойлно” гэв.
Энэхүү хурлын талаарх мэдээллийг www.modic2019.com цахим хуудсаар дамжуулан олон улсад дамжуулж байгаа юм байна.