Хэнтийн баялаг бүтээгчид бүтээгдэхүүнээ Хятад улс руу экспортолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-02 13:06:17


Хэнтий /МОНЦАМЭ/ Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий салбар хороо нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы сүлжээ дэлгүүр болох “Тамга Монгол” дэлгүүртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичигт Хэнтий аймгийн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятад улсын зах зээлд гаргах улмаар борлуулалтын хэмжээг нэмэгдүүлж байнгын үйл ажиллагаагаар хангах, мѳн Өвөр Монголд хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, баялаг бүтээгчдэд шаардлагатай тоног тѳхѳѳрѳмжийн судалгаа хийж хямд үнээр нийлүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар тусгасан байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын брэндүүд болон ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс шир нэхий бүтээгдэхүүн, эсгий эсгий урлал, гар урлалын бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, алт мөнгөн, зэс үнэт эдлэл, хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлнэ гэж тодорхойлсон бѳгѳѳд цаашид зах зээлийн судалгаанд үндэслэн нэр тѳрлийг нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрчээ.

Мѳн “Тамга Монгол” дэлгүүр нь өөрийн харъяаны Эрээн хотын болон Авга, Баруун Үзэмчин, Зүүн Үзэмчин, Улаан хад, Шулуун цагаан хошуунд байх дэлгүүрээр, Шанхай хотын Экспо танхимаас гадна Бээжин, Гуанжу, Хөх хотод Монгол Шоуруум байгуулан дээрх бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах зэргээр ажиллахаар болов.

Хэнтий аймгийн салбар хорооны байгуулсан энэхүү санамж бичиг нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороодоос анхдагч нь болж байгаа бѳгѳѳд Хэнтийн баялаг бүтээгчдэд шинэ боломж, шинэ гарц нээгдэж байгаагаараа онцлог давуу талтай тул Хятадын зах зээлд гарах боломжтой бараа бүтээгдэхүүний судалгааг нэн яаралтай эхлүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ