АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны сургагч багш нар ирэв

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-04-09 09:17:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын прокурор, цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх албаныхны мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор, АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны сургагч багш нар энэ сарын 8-12-нд сургалт явуулж байна.


 Манай улсад анх удаа болж буй дээрх сургалтын нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески болон ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар оролцож үг хэллээ.



ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, "Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэг өсөж, хэрэглэгчийн хүрээ улам бүр нэмэгдэж байгаа тул Хар тамхитай тэмцэх газрыг цагдаагийн төв байгууллагын даргын шууд удирдлагад оруулж, үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Монгол Улсын цагдаагийн байгууллага, АНУ-ын Хар тамхитай тэмцэх алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сургалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна" хэмээв.



Мөн сургалтын хүрээнд, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески болон АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

Холбоотой мэдээ