Африк тивийн сонгино Улиастайд нутагшаад 15 жил болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-08 17:45:26

Завхан/МОНЦАМЭ/.Африк тивийн амтат сонгиныг Улиастайд энэ жил 15 дахь жилдээ 1 га орчимд тариална. Тагар сонгиныг анх Улиастайд тарьж нутагшуулаад буй ахмад тариаланч Б.Дашзэвэг гуай тэтгэвэртээ гарсаар сүүлийн 20 шахам жил хүнсний ногоо тариалж арвин ургац хурааж өгөөж хишгийг хүртсээр яваа нэгэн юм. Түүний тариалдаг “Тагар” нэртэй таримал сонгинын талаарх сонин баримтыг хүргэж байна.

Африк тивийн энэ сонгино Ази тивд ирж, Завхан хангайн хөрсөнд нутагшин ургасан нь сонин санагдаж түүнээс энэ тухай сонирхлоо. Дашзэвэг гуай хэлэхдээ, анх Сэлэнгийн Зүүнхараагаас Тагар сонгинын жаахан үр олж авсан юм. Түүнээс хойш Африк тивийн зүүн эргээс гаралтай, энэ сайхан амттай сонгиныг тарьж хэрэглэж байгаа хэмээв. Энэ сонгино намартаа хадгалж хэрэглэж болох багавтар хэмжээний булцуутай эрт болцтой, хадгалалт тээвэрлэлт сайн даадаг таримал юм байна. Тагар сонгинын нэг булцуу нь 40-50 грамм, цөөн тохиолдолд 80-100 грамм ч хүрдэг гэнэ. Үржил шимтэй хөрсөнд байцаа, манжин, төмс, вандуйтай цуг тарьж болдог ба үрээр нь тарихаас гадна 2.0-2.5 см хэмжээний төлөөр нь бас ургуулдаг ажээ. Тагар сонгино нь үнэр амт чанарын хувьд зэрлэг, таримал сонгинотой ижил боловч их хэмжээгээр салаалж олон үр үүсгэх онцлогтой. Олон салаа булцуу нь хэрэгцээний хэмжээгээрээ саримс шиг авч хэрэглэж болдог гэж тариаланч өвөө хэллээ. Сүүлийн жилүүдэд байгалийн зэрлэг сонгиноо үрээ хаяхаас нь өмнө өрсөн түүж сонгиногүй болж байгаа манай аймагт Тагар сонгиныг хүн бүр таривал ашиг өгөөж унацтай, ургац арвин таримал шиг санагддаг хэмээн тэрээр дуулгав.

 

Холбоотой мэдээ