Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл байгуулсны 69 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-10 14:01:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл /ICCR/ үүсгэн байгуулагдсан өдрийг Блю Скай зочид буудлын Кристал танхимд өчигдөр тэмдэглэлээ.


ICCR 1950 онд байгуулагдсан бөгөөд 69 жилийн ойг ийнхүү Улаанбаатар хотноо анх удаа тэмдэглэж буй юм.

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингх, Үндсэн хуулийн  Цэцийн дарга Д.Одбаяр, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр нар энэтхэг уламжлал ёсоор гэрэлт зул өргөж, ёслолыг хүндэтгэлтэйгээр эхлүүлэв.

Ёслолын ажиллагааг нээж Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингх хэлэхдээ, “Монгол бол манай урт хугацааны анд, стратегийн түнш юм. Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл бидний соёл, иргэншлийн уламжлалыг сэргээх, соёлын харилцаагаар дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд шинэлэг ажил санаачлахыг зорьдог. Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн соёлын солилцоог дэмжих, сургалтын тэтгэлэг олгох, үзэсгэлэн зохион байгуулахаас илүү том зорилго агуулсан нь Монгол Улстай эв найрамдлын холбоог бэхжүүлэх, итгэл бүхий нөхөрлөл, урт хугацааны бат бөх түншлэл бий болгох, Энэтхэг Улс болон Энэтхэгийн иргэдэд хандах найрсаг ах дүүгийн харилцааг бэхжүүлэх явдал юм. Бид маш их зүйл хийсэн хэдий ч өөр хийх ёстой олон зүйл байна. Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн тэтгэлэг болон сургалтын хөтөлбөрүүдийг орон нутгийн хэрэгцээнд тохируулан боловсронгуй болгоход Та бүхний үнэтэй санал зөвлөгөөг Энэтхэгийн ЭСЯ дуртайяа хүлээн авах болно” гэв.

 

Мөн тэрбээр Энэтхэгийн Засгийн газраас санхүүжүүлж буй нэг тэрбум ам.долларын Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна өнгөрсөн 3 жилийн хугацаанд ICCR-ийн хамтын ажиллагааны томоохон төсөл хэрэгжүүлснийг дурдав. Тухайлбал, хоёр жилийн өмнө Улаанбаатар хотноо Монголын дэлхийд алдартай Чингис хааны тухай Олон улсын бага хурал, өнгөрсөн жил Шинэ Дели хотод “Ехипассико Монголиа”-г зохион байгуулжээ. Мөн өнгөрсөн жил Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл Монголын хийд болон бусад байгууллагуудад тус бүр 100 боть бүхий ховор Ганжуур /Өргөө, Нартанг) монгол бичгээр бичсэн багцыг хандивласан байна.

Түүнчлэн Үндэсний номын санд 1.5 сая гар бичмэл, Гандантэгчинлин хийд дэх Бурханы шашны зарим ховор гар бичмэл, уран зохиолыг хадгалж авч үлдэхийн тулд цахимжуулахад дэмжлэг үзүүлэх юм. Монголын бүжгийн хамтлаг өнгөрсөн жил Энэтхэгийн гурван хотод аялан тоглолт хийжээ. Мөн Улаанбаатар хотод хинди хэлний сургалтын төв үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд жил бүр 4 сурагчийг ахисан түвшний сургалтад тэтгэлгээр явуулж байгаа аж. Ирэх 6 дугаар сард Улаанбаатар хотод Энэтхэгийн Ладакын бүжгийн хамтлаг ирж уран бүтээлийн дээжээсээ толилуулах аж. Эдгээр нь Энэтхэг, Монголын нөхөрлөлийн нэгээхэн хэсэг юм.

Үндсэн хуулийн  Цэцийн дарга Д.Одбаяр хэлэхдээ, “ICCR  байгуулагдсан өдөр нь одоогоос 69 жилийн өмнө Энэтхэг Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш 3 жил орчмын дараа юм.  Би Энэтхэг улсыг тухайн амаргүй цаг үед гадаадын оюутан залуусыг сургах, бэлтгэхэд яагаад анхаарал тавьсан юм бол гэж боддог. Дөнгөж тусгаар тогтносон гуравхан настай улс энэ байгууллагыг байгуулсан нь энэтхэг хүмүүсийн нөхөрсөг, тусархаг, соёлын харилцааг түгээн дэлгэрүүлэх, олон зуун жил хүсэж мөрөөдөж байсан ажил Тусгаар тогтнолтой нь уялдан бий болжээ гэдгээр нь Энэтхэгийн ард түмэн, түүх соёлыг хүндэтгэн бишрэхээс өөр аргагүй. Энэ том хөтөлбөрийн хүрээнд, манай улс хамрагдаж олон жил болж, олон оюутан Энэтхэгт сурч боловсрол эзэмшсэн. ICCR хөтөлбөрт хамрагдан 4 оюутан Энэтхэг улсад суралцахаар анх 1992 оны долдугаар сарын 12-нд явж байлаа.  Би Энэтхэгийн Үндэсний хуулийн их сургуульд 5 жил 8 сар суралцаж 1997 онд төгсөж ирсэн. Тухайн үед соёлын харилцааны цоо шинэ үе эхэлж байсан учраас бид ч бас шинэ байсан. Биднийг суралцахаар очиход Бангалор хот 5 сая хүнтэй, тэгэхэд надтай хамт хоёрхон монгол оюутан сурч байлаа. Сүүлд тус хотод ажлаар очиход ICCR, ITEC болон хувиараа 200 шахам оюутан сурч байсан. Тиймээс энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжсөнийг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэв.


Дашрамд мэдээлэхэд, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл /ICCR/ болон Энэтхэгийн Техник Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа /ITEC/ анх эхэлснээс хойш нийт 4000 монгол инженер, эмч, техникийн ажилтан, хэл судлаач, багш, түүхч нар болон бусад мэргэжилтэн Энэтхэгт суралцжээ. Зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын залуусыг 2 сая гаруй ам.долларын сургалтын хөтөлбөрт хамруулсан байна. Энэтхэгийн Засгийн газар жил бүр 250 орчим тэтгэлэг олгож байгаа бөгөөд энэ жилээс эхлэн Лейх хотын Буддын шашин судлалын төв институт, Сарнат дахьТөвд судлалын их сургуульд ICCR-ийн тэтгэлгээр суралцах хөтөлбөрийг нэмж оруулсан байна.


 

 

Холбоотой мэдээ