Цаа бугын аж ахуйг хөгжүүлэх Орос-Монголын төслийг Якутад хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-04-10 16:42:58

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Орос-Монголын хамтарсан “Нүүдэлчин цаатнууд” төслийг Якутын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай “Дэлхийн цаатнууд” холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Сергей Харючи “Арктик-яриа хэлэлцээний газар нутаг” олон улсын Арктикийн V чуулга уулзалтын үеэр Якутын захирагч Айсен Николаевтай уулзсаныхаа дараа мэдээлжээ.


“Энэ бол НҮБ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн экологийн сангийн дэмжлэгтэйгээр санаачилсан Орос, Монголын Засгийн газрын хамтарсан төсөл юм. “Дэлхийн цаатнууд” холбоо болон Цаа маллагчдын олон улсын төвөөс 2010 онд санаачилсан уг төсөлд Норвегийн Гадаад хэргийн яам, мөн тус улсын Төрийн удирдлага, шинэчлэлийн яам ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Энэ төслийг Якутад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж тэрбээр ярьсан байна.


Дээрх төсөл нь цаатнуудын ахуй амьдралыг сайжруулах, мөн ОХУ-ын Алс Дорнод, Монгол Улсын хойд бүс нутагт бэлчээрийн доройтлыг бууруулах, биологийн төрөл зүйлийг хамгаалахад чиглэгджээ.


“Арктик-яриа хэлэлцээний газар нутаг” олон улсын Арктикийн V чуулга уулзалт ОХУ-ын Санкт-Петербург хотод мягмар гарагт эхэлжээ. Форумын үеэр олон орны 2000 гаруй төлөөлөгч Арктикийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, туршлагаа солилцож байна.



Холбоотой мэдээ