Тусгай олимпоос хүрэл медаль хүртсэн тамирчин Э.Бямбажаргалыг угтан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-10 22:50:26

Завхан /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Тусгай олимпийн зуны их наадамд Завхан аймгаас Монгол Улсаа төлөөлөн оролцож жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин Э.Бямбажаргалыг угтан авчээ.

Тусгай олимпод амжилттай оролцоод ирсэн тамирчныг анх бэлтгэлд гарахаас нь эхлээд олимпод оролцох бүхий л боломж нөхцөлөөр нь ханган, дэмжиж хамтран ажилласан Завханы IV сургуулийн захиргаа, хамт олон, аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, ХХҮГ, БТСГ, Улиастай сумын ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ГБХЗХГ, Дэлхийн зөн Завхан Хангай, Завханы Тусгай олимпын хороо, тамирчид, найзууд гэр бүл нь хүндэтгэлтэйгээр угтан авчээ. 

Улиастай сумын IV сургуулийн Насан туршийн боловсролын ангийн суралцагч Э.Бямбажаргал нь 2002 онд төрсөн, төрөлхийн саажилттай бөгөөд ээжтэйгээ хамт амьдардаг ажээ. Тэрбээр 2015 оноос эхлэн тусгай олимпийн уралдаан тэмцээнд оролцож, туршлагатай тамирчин болжээ. Тухайлбал Ховд аймагт болсон баруун бүсийн өвлийн тусгай олимпод цасны гуталтай гүйлтийн төрөлд II байр, цанын төрөлд тусгай байр эзэлж байжээ. Мөн улсын аварга шалгаруулах өвлийн тусгай олимпод цанын төрөлд II байр, цасны гуталтай гүйлтийн төрөлд тусгай байр, Говь-Алтай аймагт болсон өвлийн тусгай олимпоос 50м-ийн гүйлтийн төрөлд алт, 100м-ийн гүйлтийн төрөлд мөнгө, уран гимнастикийн төрөлд алт, уртын харайлтаар хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүлжээ. 

Оюуны бэрхшээлтэй бүх хүүхдэд спортоор дамжуулж урам өгөхийг зорьдог


Тусгай олимпийн зуны их наадамд Завхан аймгаас Монгол улсаа төлөөлөн оролцож жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин Э.Бямбажаргал: “Би насан туршийн боловсролын холимог бүлэгт суралцдаг. Суралцахынхаа хажуугаар спортоор хичээллэх дуртай. Тэмцээн бүрээс би урам авдаг. Жил бүр амжилтаа ахиулахыг хичээдэг. Мөн спортын олон төрлөөр хичээллэх дуртай. Энэ жилийн дэлхийн тусгай олимпод оролцох эрхээ аваад маш их баярлаж бас их эмээж байсан. Гэхдээ олимпийн бэлтгэлээ өдөр бүр хийж оюуны бэрхшээлтэй, өөртэйгээ адилхан спортоор хичээллэдэг найзуудтайгаа хамтдаа бэлтгэл хийж байсан болохоор өөртөө итгэлтэй байсан.

Олимпын үеэр яг дэвжээнд гарахдаа хамгийн түрүүн найзууд, аав ээж, багшийнхаа итгэлийг би алдах ёсгүй гэж өөртөө хэлсэн. Бас би өөртэйгөө ижил хүүхдүүдэд урам өгөх ёстой тамирчин хүн шүү гэж цаг үргэлж өөртөө зориг өгдөг зангаараа маш их тэвчээр, сурсан мэдсэнээ дэвжээн дээр гаргасан. Юуны өмнө надад хамгийн их тусламж, хичээл зүтгэл, дасгал сургуулилтыг зааж өгч байсан багш нартаа баярлалаа. Бас өдөр бүр миний дэргэд байдаг оюуны бэрхшээлтэй тамирчин найзууддаа баярлалаа. Намайг дэмжиж ивээн тэтгэсэн нийт байгууллага, иргэдэд баярлалаа. Өдөр бүр, өглөө бүр чи чадна гэж урам өгдөг миний хамгийн их өртэй, хайртай хүн болох ээждээ баярлалаа. Цаашид илүү олон амжилтыг үзүүлнэ” гэлээ.

Сонирхуулахад, Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулсан 2019 оны Тусгай олимпийн Дэлхийн зуны наадамд 192 улсын 7200 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлджээ. Энэхүү наадамд Монголын Тусгай олимпийн хорооноос долоон төрлөөр нийт 21 тамирчин, дасгалжуулагч багшийн бүрэлдэхүүнтэй оролцсон байна.  

 

Холбоотой мэдээ