"Хүмүүн бичиг" сониныг сургалтад ашиглаж байна

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-11 12:20:07

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр  сургууль үндэсний бичгээ дээдлэн өвлүүлж, уламжлуулан авч явах зорилготой 2017 онд  “Өв соёл”  нэртэй монгол бичгийн дугуйланг нээн ажиллуулжээ.

Дугуйланд энэ жил 7-8 дугаар ангийн 25 сурагч хичээллэж унших, сайхан бичих чадвараа дээшлүүлж байна. Тус дугуйланг монгол бичгийн багш Ж.Буянхишиг ажиллуулж байгаа аж.

Харин бийрэн бичлэгийн дугуйланг тус сургуулийн монгол хэл бичиг, уран зохиолын багш Т.Наранцэцэг ахлах ангийн 20  сурагчийг хамруулан хичээллүүлж байна.

Үндэсний бичгийн "Өв соёл" дугуйланд 2 жилийн хугацаанд нийтдээ 100 гаруй сурагч хамрагдаад байгаа гэнэ.

”Хүмүүн бичиг” сонинг тус сургуулийн 105 сурагч захиалан уншиж, сургалтад ашиглаж байна хэмээн сургалт хариуцсан менежер Х.Уранчимэг мэдээлэл өгсөн юм. 

Сумын “Хэлний бодлогын зөвлөл”-өөс төлөвлөгөө гарган, албан байгууллагуудын хаягийг үндэсний бичиг болон кирил үсгээр хаягжуулжээ.  

2019 оны монгол хэл бичиг, үндэсний бичгийн аймгийн олимпиадын хошой алтан медалийг Заамар сумын 12 дугаар ангийн сурагч Б.Хулан хүртжээ.

Тус сум үндэсний хэл бичгээ дээдлэн, хүүхэд багачуудыг сургахад бүх талаар санаачилгатай ажиллаж байгаа учраас тус сургуулийн сурагчид ийнхүү аймагтаа манлайлаад байна.

Холбоотой мэдээ