Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-11 11:25:21

ШИНЭ ДЕЛИ. /NHK/. Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэлж байна. Улиран сонгогдохыг эрмэлзэж буй Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам болон сөрөг хүчний Конгресс намын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.


Газар нутгийн маргаантай Кашмир бүсийн асуудлаар Энэтхэг, Пакистаны хооронд цэргийн хурцадмал байдал үргэлжилж буйтай холбогдуулан үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах амлалтыг Н.Модигийн эрх баригч нам өгчээ. Энэтхэг улс нь БНХАУ-тай мөн хилийн маргаантай байгаа юм. Ерөнхий сайдын хэлснээр, түүний намын бодлого улсаа хүчирхэг болгох зорилготой ажээ.


Харин Конгресс намын хувьд ажилгүйдлийг бууруулж, фермийн аж ахуй эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг гол зарчмаа болгожээ. Тус намын удирдагч Рахул Ганди, энэ цаг үед хамгийн тулгамдсан асуудал бол ажилгүйдэл хэмээн онцлон тэмдэглээд, Н.Модийг шүүмжилсэн байна.


Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлсэн сонгуулийн өмнөх санал асуулгуудын дүнгээс үзэхэд парламентад олонхын суудал эзэлж буй Бхаратия Жаната нам энэ удаагийн сонгуулиар зарим суудлаа алдаж магадгүй байгаа аж.


Н.Моди Ерөнхий сайдын албандаа хэвээр үлдэж, эрх баригч нам олонхийн суудлыг авах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. Санал өгөх эрхтэй сонгогчдын тоо 900 сая давж байгаатай холбогдуулан дэлхийн түүхэн дэх хамгийн том сонгууль хэмээн нэрлэж байна.


Санал хураалт 7 үе шаттай явагдах бөгөөд ирэх тавдугаар сарын 19-нд дуусах ажээ. 

Холбоотой мэдээ