Ким Жөн Унтай дахин уулзах боломжийг үгүйсгэсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-12 10:29:38

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай 3 дахь удаагаа уулзах боломжийг үгүйсгэсэнгүй. Энэ тухай тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Цагаан ордонд уулзахын өмнө мэдэгдсэн байна.


Ким Жөн Унтай 3 дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа эсэхийг нь Трампаас асуухад тэрбээр, “3 дахь дээд хэмжээний уулзалтыг хийх боломжтой хэдий ч энэхүү үйл явцыг аажмаар хэрэгжүүлнэ. Энэ бол хурдан шийдэгдэх ажил биш. Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх надад таалагддаг. Би энэ уулзалтыг тун үр дүнтэй гэж боддог” гэж хариулсан байна.


Ким Жөн Ун болон Мүн Жэ Ин нартай хамтарсан гурван талын дээд хэмжээний уулзалт хийх боломжтой эсэхийг түүнээс асуухад “Энэ ч мөн боломжтой юм” хэмээн Д.Трамп хариулжээ.


Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдэхдээ, “Д.Трамп, Ким Жөн Ун нарын дипломат үйл ажиллагаа нь Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг ихээхэн намжаахад хүргэсэн. Асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ. 

Холбоотой мэдээ