Хятад-Европын харилцаанд эргэлт гарлаа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-04-16 11:51:15

Өнгөрсөн 3 дугаар сарын сүүлчээр Хятадын удирдагч Ши Жиньпин Итали, Монако, Францад айлчилсан бол үүнээс хэдхэн хоногийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Брюссель хотноо Европын Холбооны /ЕХ/ удирдлагатай Дээд хэмжээний  уулзалт хийлээ.


Ли Көцян болон Европын Зөвлөлийн дарга Дональд Туск, Европын Комиссын дарга Жан-Клод Юнкер нар  БНХАУ-ЕХ-ны 21 дэх удаагийн уулзалтын үр дүнгийн талаар хэвлэлийн хурал хийж, талууд хамтарсан мэдэгдэл гаргасан байна. 


Энэ удаагийн саммитын гол үр дүн бол Хятад-Европын харилцаанд олон жилийн турш хуримтлагдсаар ирсэн зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэхээр талууд тохиролцсон явдал мөн гэж шинжээчид үзэж байна. Тодруулбал, Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэхэд хамтран ажиллахыг Хятад улс зөвшөөрсөн, Хятадын үйлдвэрүүдэд төрөөс татаас олгодог явдлыг зогсоох, гадаадын компаниуд Хятадын зах зээлд нэвтрэхэд учирч буй саадыг тотгорыг багасгах, технологио өгөхийг барууны компаниудаас шаарддаг явдлыг зогсоох зэрэг асуудлаар хоёр тал зөвшилцөлд хүрч чадлаа. Өөрөөр хэлбэл, Хятад, Европ хоёр шударга өрсөлдөөнт бизнесийн орчинг бий болгох, аж ахуйн нэгжүүдийг гадаадын ба дотоодын гэж ялгаварласан хандлага гаргахгүй байхаар тохиролцсон байна.


Дээрх нөхцлүүдийг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй бол Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахгүй гэж Европын Комисс мэдэгдэж байсан учраас өнгөрсөн оны Бээжингийн уулзалтын адилаар энэ удаад ч мөн адил ямар нэгэн баримт бичиг гаргахгүй нь гэж зарим ажиглагчид таамаглаж байлаа.


Хэвлэлийн хурлын үеэр Европын Зөвлөлийн дарга Д.Туск мэдэгдэхдээ “Хятад улс аж үйлдвэрийн салбарт олгох татаастай холбоотой ДХБ-ын дүрмийн заалтыг шинэчлэхийг зөвшөөрсөн нь “жинхэнэ эргэлт” болсон” гэдгийг онцолсон юм. Хятадын эрх баригчид үйлдвэрүүдээ татаасаар дэмжсээр ирсэн нь шударга өрсөлдөөний зарчимд харшилж байна гэж барууныхан шүүмжилсээр байгаа билээ.


Хятадууд дээрх нөхцлүүдийг анх удаагаа хүлээн зөвшөөрч, буулт хийсэн бөгөөд 2020 он гэхэд аж үйлдвэрийн салбарын татаас болон хөрөнгө оруулалтын асуудлаар ЕХ-той хэлэлцээр байгуулна гэж амлалаа. Тухайлбал, Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар хоёр тал 2020 он гэхэд Хөрөнгө оруулалтын иж бүрэн хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа нь европчуудын санааг хамгийн ихээр зовоож буй дээрх асуудлууд бүрэн шийдэгдэнэ гэсэн найдлагыг төрүүлж байна. Энэ бол Хятад-Европын 21 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын гол үр дүн гэдгийг давтан дурдъя. Учир нь, зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд талууд 2012 оноос хойш хэлэлцээ хийж байгаа юм. 


Хятад-ЕХ-ны дээд хэмжээний уулзалт болохоос яг нэг сарын өмнө буюу 3 дугаар сарын 12-ны өдөр Европын Комиссоос “ЕХ-БНХАУ: стратегийн дүгнэлт” гэсэн баримт бичгийг гаргасан бөгөөд түүнд Хятад улсыг “удирдлагын өөр загварыг хэрэгжүүлж буй тогтолцооны дайсан” гэж шуудхан нэрлэсэн байна. Энэ бол ихэнхдээ аядуу зөөлөн байр суурь баримталдаг ЕХ-ны зүгээс Хятадыг маш хатуу шүүмжилсэн хэрэг юм.  Энэ нь Хятадад хөрөнгө оруулахад учирч буй саад тотгорыг багасгах, оюуны өмчийг хамгаалах, үүний тулд Хөрөнгө оруулалтын иж бүрэн хэлэлцээр байгуулахыг Европын бизнесменүүд шаардсаар байгаатай холбоотой. Баримт дурдваас, 2017 онд Хятад улс ЕХ-ны гишүүн орнуудад 29,1 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан бол учирч буй саад бэрхшээлээс үүдэн Европоос Хятадад оруулсан хөрөнгийн хэмжээ үүний дөнгөж ¼ буюу 6,9 тэрбум евротой тэнцэж байна. 


Нөгөөтэйгүүр, ЕХ-ны удирдлага Шинэ Торгоны зам төсөлд ЕХ-ны гишүүн улсууд нэгдэж буйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд, энэ оны 3 дугаар сард Европт хийсэн Ши Жинпиний айлчлалын үеэр Италийн Эдийн засгийн хөгжлийн сайд Луижи Ди Майо, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны дарга Хэ Лифэн нар “Нэг бүс, нэг зам” төсөлд Итали улс оролцох тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.


Үүнээс хэдхэн хоногийн дараа Ли Көцян Европт айлчилсан нь “Хятад улс Европын Холбооны гишүүн орнуудын дунд хагарал үүсгэж байна” гэх эргэлзээ болгоомжлолыг тайлж, “Нэг бүс, нэг зам” төслөө тус холбоогоор дэмжүүлэх зорилготой байсныг ажиглагчид онцолж байна.  Хятадын Ерөнхий сайд хэлэхдээ “Нэгдмэл, хөгжин цэцэглэж буй Европыг цогцлоон байгуулахад чиглэсэн Европын интеграцийн үйл явцыг бид дэмжиж байна. Хятад, Европ хоёр хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж, хоёр ард түмний тусын тулд бодитой үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна” гэлээ.  Түүнчлэн ЕХ нь 15 жилийн турш Хятад улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бол Хятад улс ЕХ-ны хувьд хоёрдахь том түнш гэдгийг Ли Көцян онцлон тэмдэглэлээ. Одоогийн байдлаар, хоёр талын хооронд өдөр бүр хийгдэж буй худалдааны хэмжээ 1 тэрбум гаруй еврогоос давж байгаа бөгөөд жилийн дүнгээр 2018 онд 682 тэрбум долларт хүрчээ. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жинпинь ЕХ-ны төв байранд зочлох үеэрээ Хятад-Европын түншлэлийг хамтран бэхжүүлэх талаар 4 зүйл бүхий санаачилга дэвшүүлсэн юм. Тэр үеэс хойш хоёр талын худалдаа, санхүү, хөрөнгө оруулалтын салбарын харилцаа эрс өргөжсөн байна.


Хятад улс ба Европын орнууд цаашдаа шударга өрсөлдөөний орчныг бий болгож, дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдэд ижил нөхцөл шаардлага тавихаар тохиролцсоныг Хятадын Ерөнхий сайд онцлон дурдлаа. Хятад-Европын дээд хэмжээний уулзалт амжилттай болоход Хятад-Америкийн худалдааны дайн дам байдлаар нөлөөлсөн гэж үзэж болох талтай. Учир нь, Вашингтоны зүгээс Бээжинд хүчтэй шахалт үзүүлж буй энэ үед хятадууд “хоёр фронт дээр дайтахаас" зайлсхийж, ЕХ-той илүү уян хатан байдлаар харилцсанаар дээрх зөвшилцөлд хүрч чадсан гэж зарим шинжээчид үзэж байна.


Брюссельд ЕХ-ны дээд удирдлагатай зөвшилцөлд хүрснийхээ дараа Хятадын Ерөнхий сайд Төв ба Дорнод Европын бүс нутагт Торгоны замын дагуу орших чухал байрлал бүхий Хорват улсад айлчилж, тус улсын Дубровник хотод болсон “16+1” дээд хэмжээний 8 дахь удаагийн уулзалтад оролцлоо. “16+1” гэдэг нь БНХАУ ба Албани, Босни-Герцеговин, Болгар, Хорват, Чех, Эстони, Унгар, Латви, Литва, Македон, Черногор, Польш, Румын, Серб, Словак, Словен гэсэн Төв ба Дорнод Европын 16 улсын хоорондын хамтын ажиллагааны формат юм. Эдгээр 17 орны удирдагчид тухайн бүтцэд хамрагддаг аль нэг оронд жил бүр уулздаг байсан бол энэ удаагийн Дубровникийн уулзалтын үеэр Грек улс "16+1" бүтцэд нэгдлээ.


Ли Көцян болон "16+1"-ийн орнуудын удирдагчид Дубровник хотноо 


Уулзалтын төгсгөлд Хятад улс болон Төв ба Дорнод Европын 16 улс Хамтын ажиллагааны тухай Дубровникийн хөтөлбөрийг баталснаас гадна төрийн тэргүүн нар хоёр талын харилцааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцлаа. Тухайлбал, Хятадын Хуавэй компани ба Хорватын Тоон технологийн хөгжлийн төв газар хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Түүнээс гадна, Хорватын Croatian Railway Infrastructure концерн ба Хятадын China Railway Eryuan Engineering Group компанийн хооронд Газар Дундын тэнгисийн дундуур тээврийн коридор байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг коридор бий болсноор  Төв Европ ба Газар Дундын тэнгисийн боомтуудын хооронд ачаа тээвэрлэх хугацаа мэдэгдэхүйц багасах ажээ.


Эцэст нь дүгнэхэд, Хятад, Европ хоёрын нэгдмэл ашиг сонирхол нь тэдний дунд үүссэн аливаа зөрчлөөс давж гарсныг 21 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтын Хамтарсан мэдэгдэл харууллаа. Д.Туск, Ж.-К. Юнкер нар хэлэхдээ “тохиролцоог амьдралд хэрэгжүүлж, Хятад-Европын иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх нь чухал” болохыг онцлон тэмдэглэсэн байна.


Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ