Хавдар нас баралтын шалтгааны дийлэнх хувийг эзэлж байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-04-15 17:15:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээгээр тус аймагт 2019 оны эхний улирлын байдлаар нас баралтын 60 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 тохиолдлоор буурсан бөгөөд нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр буюу 35.0 хувийг эзэлж байгаа ажээ.

Харин энэ хугацаанд 219 эх амаржиж, хүн ам 220 шинэ хүнээр нэмэгдсэн бөгөөд эхийн эндэгдэл болон 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл  гараагүй байна.

Эхний гурван сарын байдлаар хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 186 хүнээр бага байгаа бол аймгийн хэмжээнд гарсан нийт өвчлөлийн тоо бараг 2 дахин ихэссэн үзүүлэлттэй байгаа нь томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотой аж.

Харин халдварт өвчний 120 тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оны мөн үеийнхээс 17 тохиолдлоор буурчээ. 10 000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 25.8 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 пунктээр буурсан аж.

Энэ хугацаанд нийт 43 766 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 24.3 хувь, амбулаторийн үзлэг 51.5 хувь, идэвхтэй хяналт 15.3 хувь, гэрийн үзлэг 6.2 хувийг тус тус эзэлж байгаа ажээ.  Нийт үзлэгт хамрагдсан иргэдийн дийлэнх нь буюу 65.2 хувь нь эмэгтэйчүүд  байна. 

Холбоотой мэдээ