Бүх төрлийн төрийн үйлчилгээнд иргэний үнэмлэх шаардахгүй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-15 22:49:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын ажилтай өнөөдөр танилцав.



“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн 4 төв ажиллаж байна. Эдгээр төвд Авилгатай тэмцэх газар, Засгийн газрын 2 агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 225 албан хаагч 325 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Мөн төрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэхийн тулд банк, нотариат, бичиг хэрэг, даатгал зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг хамт бүрдүүлэн ажиллаж байна” гэж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хотын даргад танилцуулав.



Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, “Төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх ёстой. Гэтэл төрийн үйлчилгээ авахаар очсон иргэнээс төр өөрт байгаа мэдээллийг нэхдэг. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаарддаг. Шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлж, иргэдэд учирч буй чирэгдэлийг хөнгөлөхөөр иргэний үнэмлэх нэхэхгүй, хурууны хээгээр иргэдэд бүх үйлчилгээг хүргэх үйлчилгээг өнөөдөр нэвтэрлээ. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал хэмнэх ач холбогдолтой.


Мөн иргэдийн хамгийн их бухимдал дагуулдаг үйлчилгээ бол банкны төлбөр тооцооны асуудал юм. Одоогоор "Улаанбаатар хотын банк"-иар л үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл бусад банк ачаалалгүй байдаг. Иймд аль ч банк болон пос машинаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг цонхонд нэг үйлчилгээ үзүүлдэг системийг халж аль ч цонхонд очсон бүх төрийн үйлчилгээг үзүүлдэг болгож ачааллыг тэнцвэржүүлнэ. Цаашид төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний төрлийг нэмнэ” гэв.



Мөн нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлаа нээлттэй хэлэлцэж, төрийн үйлчилгээг иргэнд ойрхон шуурхай байлгахад анхаарч ажиллахыг хүслээ.

Холбоотой мэдээ