“Эхийн алдар” одонтой эхчүүдэд жилд 30 тэрбум төгрөгийн тэтгэмж олгодог

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-16 15:45:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эхийн алдар” I, II зэргийн одон олгох хууль эрх зүйн зохицуулалтын талаар ХНХЯ-ны удирдлагуудын мэдээллийг сонсов.


Тус байнгын хороонд иргэд, төрийн бус байгууллага болон Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс “Эхийн алдар” одонтой эмэгтэйчүүдийн тэтгэврийн доод хэмжээ, мөнгөн тусламжийг нэмэх чиглэлээр 100 гаруй өргөдөл, хүсэлт ирсэн байна.


1957 онд батлагдсан олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эмэгтэйг одонгоор шагнах, тэтгэмж олгохтой холбоотой хууль, 1990 оны БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн дагуу Алдарт эхийн I, II одонг 5 болон 8-аас дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн эмэгтэйд олгож байсан. УИХ-аас 2010 онд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батласан бөгөөд 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, 4-5 хүүхэдтэй бол Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонг олгож эхэлсэн гэдгийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр дурдлаа.


Chimgee Chimgee-н зураг.

Тэрбээр, “2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218.6 мянган одонтой эхчүүдэд нийт 30 тэрбум төгрөг буюу жилд 1 удаа 100-200 мянган төгрөг олгосон байна. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна. Энэхүү одонг жилд дунджаар 4500 орчим хүн шинээр авч байна. Одоогийн тогтолцоогоор 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас 20-40 мянган төгрөгийн халамж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч, төсөвт ихээхэн ачаалал үүсгэж байна.Тиймээс нийгмийн халамж болон хүн амын өсөлтийг дэмжих бодлогыг ялгаж зааглах, тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна” гэлээ.


Байнгын хорооноос 4 болон түүнээс дээш хүүхэдтэй эхэд насан туршид нь олгох тэтгэмжийг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэв. Тодруулбал, 20-40 мянган төгрөгийн халамжийн хэмжээг нэмж, хамгийн бага хүүхэд нь 16 нас хүртэл олгох нь зөв гэдэгт гишүүд санал нэгдэж, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын гишүүд болон иргэдийн саналыг тусгахыг ХНХЯ-нд үүрэг болгов.

Холбоотой мэдээ