Төсвийн сахилга батыг сайжруулах “Таныг сонсъё” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-17 16:05:42

Увс /МОНЦАМЭ/. “Төсвийн сахилга бат-иргэдийн хяналт оролцоо” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаангом сумын ЗДТГ-аас төрийн байгууллагуудын хөрөнгө мөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгиийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар ил тод мэдээлэх, цаашлаад иргэдийн хяналт оролцоог хангах зорилго бүхий “Таныг сонсъё” аяныг зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд өчигдөр аймгийн Төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газартай хамтран аймгийн төвийн төсвийн байгууллагын нягтлан, нярав, иргэдийн төлөөлөл оролцсон аргазүйн зөвлөгөө өгөх, мэдээлэл солилцох арга хэмжээг зохион байгууллаа. Уг ажлаар төрийн байгууллагууд 2018 оны төсөв, төсвийн гүйцэтгэл, цахим тендерээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлын тайланг танилцууллаа. Мөн санхүүгийн тайлан, анхан шатны бүртгэлийн баримтуудаа дэлгэн үзүүлж, нягтлангууд хоорондоо туршлагаа хуваалцан санал бодлоо солилцлоо.


Холбоотой мэдээ