Дэлхийн сор болсон уран бүтээлийг төрөлх хэлээр нь дуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-23 14:12:45

УДБЭТ-ын уран бүтээлчид Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан “Consonance Crossover” тоглолтыг энэ сарын 26,27-нд толилуулах талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Энэхүү тоглолтын онцлог нь залуу үеийнхэнд чиглэсэн кроссовэр урсгалын тоглолт бөгөөд энэ урсгал нь сонгодог дуу, аялгууг үзэгчдэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар хүргэхэд чиглэдэг байна.

Энэхүү урсгалаар уран бүтээл туурвиж буй цөөхөн уран бүтээлчдийн нэг нь УДБЭТ-ын дэргэдэх Консонанс хамтлаг юм. Байгуулагдаад удаагүй байгаа тус хамтлаг нь гурван  хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамгийн анхны бие даасан тоглолтоо хийж байна.

Хамтлагийн ахлагч А.Наранбаатар, “Манай хамтлаг маш өндөр бэлтгэлтэй, ачаалалтай ажиллаж байна. Тоглолтод дэлхийн сор болсон бүтээлүүдийг Итали, Испани, Англи, Франц хэлээр дуулна. Үүний дийлэнх бүтээлүүд хайр сэтгэлийн сэдэвтэй. Бид энэхүү бүтээлээрээ залуусыг сонгодог урлагт дурлуулахыг зорьж байна. Хөгжмийн найруулгын хувьд монголд хийж байгаагүй өвөрмөц, хүчтэй, уянгын зэрэг төрөл бүрийн найруулга багтсан” гэлээ.

Уг тоглолтын ерөнхий продюссерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, найруулагчаар Е.Сарантуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Роберто Салвалаио, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал, гэрлийн найруулагчаар П.Даваа, хөгжийн найруулагчаар Ц.Байдраг нар ажиллажээ.

Тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын бүжигчид, цэнгээнт бүжгийн “Moon dance” хамтлаг, маркетинг, тайз, гэрлийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах аж.

С.Сайнзаяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ