40 гаруй алба хаагчид цэргийн цол олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-23 00:00:09

Завхан /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Бид Чингисийн үр сад уриан дор "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг амжилттай зохион байгуулж чухал үүрэг гүйцэтгэсэн 40 гаруй албан тушаалтанд цэргийн цол гардууллаа.

Энэ үеэр Улиастай цэргийн хүрээний бие бүрэлдэхүүний цэргийн тангараг давтах ажиллагаа болж Жанжин штабын даргын тушаалаар бэлтгэл офицерийн цолыг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болон 

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ахмад дайчид, Зэвсэгт хүчний 325-р ангийн захирагч Г.Чулуунзагд нар албан тушаалтнуудад гардуулан өглөө. Өнгөрсөн жил Завхан аймаг зөв тэмүүлэл, эх оронч манлайллыг төлөвшүүлэх сургалтаар хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо түүхээр бахархах, өөрийгөө ялах чадвартай, бусдын төлөө сэтгэлтэй болгох, найз нөхдөөсөө суралцах, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг өгөх зорилготой Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулсан билээ.

Энэхүү сургалтыг Завхан аймгийн хэмжээнд есөн бүсэд нэгэн зэрэг явуулж цэрэг марш тактикийн тэмцээн, нийгэмд тустай бүтээн байгуулалтад оролцож, олны танил хүмүүсийн цуврал лекц, урлаг соёл, спортын үйл ажиллагаанд хамрагдсан байна. 
Сургалтын үеэр Их-Уул сумын нутагт орших Ар ганга хэмээх ууланд гарсан түймрийн улмаас шатсан ойг Хууль сахиулахын их сургуулийн 300 гаруй оюутан, Завхан аймгийн 24 сумын 1200 гаруй сурагч хамтран цэвэрлэжээ. Сургалтын баазад мэргэжлийн сургагч багш нар тусгай хөтөлбөрөөр хичээл заасан байна. Мөн гамшиг, эрсдэлийн үед ямар арга хэмжээ авах талаар Хууль сахиулахын их сургуулийн багш, сургагч нар сургалтад хамрагдаж буй хүүхдүүдэд хичээл заажээ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд хээрийн сургалтын бааз Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутагт байрлаж, хүүхдүүд сэтгэлзүйн бэлтгэл, галын бэлтгэл, цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, биеийн тамир-гардан тулаан, цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл заалгасан аж.

Дашрамд Их уул сумын нутагт орших Ар ганга ууланд 2002 онд гарсан түймрээс болж 577 га талбай ой шатсан байна. Харин Завхан аймагт 732,065 га буюу улсын нийт ойн дөрвөн хувь байдаг ч ойн 133,089 га буюу 18,17 хувь нь шатжээ. 2002 оноос хойш нийт 3600 га шатсан ойг цэвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ