Их, дээд сургууль төгсөгчдийн 30 хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-22 23:25:26
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачилгаар зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” сургалт боллоо. Энэ удаагийн сургалтад төрийн болон хувийн хэвшлийн 18 сургуулийн ахлах ангийн 640 гаруй сурагч оролцов.

Сургалтыг Удирдлагын академийн багш нар хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэргэжил сонголт, ирээдүйд эрэлт ихтэй мэргэжлүүд, ажлын байранд тавигдах шаардлага зэрэг олон сэдвийг хамран мэдээлэл өгсөн юм. Мөн Монгол Улсад жил бүр их, дээд сургуулиа төгч буй оюутнуудын 30 хувь нь л өөрийн хүссэн ажилдаа ордог гэдгийг онцолж үлдсэн нь мэргэжилтэй ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа гэлээ. Иймд төрийн оролцоотойгоор, тодорхой бодлого, чиглэлийн хүрээнд хүүхэд, залууст мэргэжил сонголтод нөлөөлөх хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг хэллээ. Сургалт өдөрт дөрвөн ээлжээр хоёр өдөр үргэлжлэх гэнэ.

Дашрамд дурдахад, сүүлийн үед залуус хоёроос дээш мэргэжил эзэмших, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, багаар ажиллах чадвар эзэмших, аливаа өөрчлөлтөд өөрийгөө бэлдэх, шинэ ажлын байрны шалгуурт тэнцэх хэмжээнд авъяас чадвараа нээж хөгжүүлэх хэрэгтэй гэлээ. 

Холбоотой мэдээ