Баян-Өлгийн оюутнууд хөдөө сумдад аялан тоглолт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-24 11:00:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутнууд энэ сарын 23-ны өдрөөс хөдөө сумдаар яван урлагийн тоглолт хийж байна. 

Сургуулийн захирал, доктор Ж.Хиналганы тайлбарласнаар тус тоглолт нь оюутнуудын авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, сургуулиа сурталчлах, оюутан элсүүлэх зорилготой. "Бид одоогоор Дэлүүн, Булган суманд ажиллаад байна. Тус сургууль байгуулагдсанаас хойш гурван мянга гаруй багш мэргэжилтэн бэлтгэн гаргасан бөгөөд эдгээр хүмүүс өнөөдөр нийгмийн бүхий л салбарт  үр бүтээлтэй ажиллаж байгаа. Урлагийн тоглолтоос гадна төгсөгчидтэйгээ уулзалт хийж, казах хүүхдэд монгол хэлний хичээл заах арга зүйн чиглэлээр сургалт хийж байна. Маргаашаас Ховд аймгийн Булган, Буянт, Ховд суманд ажиллана. Цаашид аймгийнхаа бүх суманд очиж сургуулиа сурталчлахаар төлөвлөж байна" хэмээн тэрээр хэллээ.

Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь эдүгээ долоон мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа ба 260 орчим оюутантай. Сургуулийн удирдлагын зүгээс суралцагчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсон хүчин бэлтгэх үүднээс Казахстан Улсын Павлодарын улсын багшийн их сургуультай хамтран тусгай хэрэгцээний болон урлагийн боловсролын ангийг шинээр нээхээр ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ