Ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-23 17:27:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнөөдөр ХХААХҮЯ-ны ажилтай танилцлаа.


Сүүлийн 5 жил малын тоо толгой, малын гаралтай бүтээгдэхүүний төрөл өссөн талаар ХХААХҮЯ-ны  Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцууллаа. Тухайлбал, 2018 онд 93 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 7.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Газар тариалангийн бүтээгдэхүүн ч мөн өссөн бөгөөд төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангаж байгаа нь үүний тод илрэл юм.


УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Бэлчээрийн тухай хуулийг батлахад байнгын хорооны гишүүд, ажлын баг нухацтай хандах болно гэлээ. Мөн  хүн амын 95 хувь нь амин дэмийн дутагдалтай байгаа тул өнгөрсөн онд батласан Баяжуулсан хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг сануулав. Түүнчлэн энэ жил ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох тул 2020 онд ноолуурын үнийг бууруулахгүй байх бодлого баримтлахыг захив.


Мөн үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 2019 онд хийх эрх зүйн шинэчлэлд нэн түрүүнд Бэлчээрийн тухай хууль хүлээгдэж байна. Бэлчээр цөлжиж, үлийн цагаан оготно огцом өсөж, бэлчээрийн доройтол эмзэг асуудал болоод байгаа. Түүнчлэн Таримал ургамлын үр, сортын тухай хууль болон жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг парламент батална гэж итгэж байна. Өнгөрсөн онд баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч, ОХУ-тай “Монголын малыг эрүүлжүүлэх 3 дахь шатны хөтөлбөр” хэрэгжүүлэх боллоо. Түүнчлэн Унгар улсын холбогдох албаныхантай зөвшилцөж, Био комбинатын өргөтлийн төслийг энэ онд эхлүүлэх болсон" гэлээ.

Холбоотой мэдээ