Газрын тосны үйлдвэр байгуулахад зөвлөх төслийн менежментийн гэрээг эцэслэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-23 17:32:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон “Инженерс Индиа Лимитед” компанийн санхүү хариуцсан захирал Р.К.Сабхарвал нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.


БНЭУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын зээлээр газрын тосны үйлдвэр байгуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх төслийн менежментийн гэрээг ойрын хугацаанд эцэслэх шаардлагатайг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов. Уулзалтаар дээрх гэрээг байгуулахад тулгараад буй зарим асуудалд талууд нэгдсэн байр суурьт хүрч, цаашид яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр тогтов.


Энэ үеэр “Инженерс Индиа Лимитед” компанийн санхүү хариуцсан захирал Р.К.Сабхарвал, "Энэ удаагийн Монгол Улсад хийж буй яриа хэлэлцээ ихээхэн үр дүнтэй болсон. Газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг түргэсгэхээр Монголын талын санал санаачилга, хүчин чармайлтыг талархан хүлээж авч байна" гэлээ.


“Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид энэ сарын 19-24-нд Монгол Улсад ажиллаж байна.

Холбоотой мэдээ