Тэсрэх бодисын хяналтыг сайжруулах хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-23 17:37:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулж, ажлын баг байгуулахаар тогтов.


Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж байдаг. Цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт нэмэгдэх төлөвтэй байна. Гэтэл уг хуулинд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих шаардлага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг нарийвчилж  Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсээд байгаа аж.


Тиймээс дээрх бэрхшээлийг арилгах болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан “Хууль сахиулах байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулах” зорилтыг хангах шаардлагад тулгуурлан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа, О.Содбилэг, Ж.Энхбаяр нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Ажлын багаас  асуулт асууж тодруулан хариулт авсан юм.


Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, асар их хүчтэй, хор хөнөөлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд маш сайн хяналт тавьж, болзошгүй аюул эрсдэлээс сэргийлж байх учиртай. Гэтэл хуулийн төслөөр цэргийнхээс бусад зориулалтаар ашиглах тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний материал хэрэгслийн хяналтыг Онцгой байдлын ерөнхий газарт олгохоор тусгагдсан нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь Онцгой байдлын ерөнхий газарт энэ чиглэлийн инженер сапёрын мэргэжилтэн, мэргэжлийн чадавх байхгүй. Иймээс бүрэн мэдээлэлтэй болох үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, ажлын багийг өргөтгөн дахин сайтар судалж нягтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.


Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулж, мэргэжлийн холбогдох байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан дахин сайтар нягталж, байр сууриа нэгтгэх нь зүйтэй гэлээ.

Холбоотой мэдээ