Ө.Батзул Ази тивийн АШТ-ий мөнгөн медальтан болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-24 12:09:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2019:04.23/ БНХАУ-ын Си Ань хотноо эхэлж, манай бөхчүүдээс Ө.Батзул мөнгөн медаль хүртлээ.


Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болж, медалийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодров. Энэ өдөр манай таван бөх дэвжээнд гарч барилдсанаас дөрөв нь тэмцээнээ дуусгасан бол 97 кг-д Ө.Батзул мөнгөн медалийн болзол хангаж, шигшээ барилдаанд шалгарлаа. Тэрбээр Энэтхэгийн С.Кадиан, БНХАУ-ын Гао Хаобинийг тус тус ялж, алтан медалийн төлөө Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагджээ.


Ө.Батзул 2017 онд Ази тивийн АШТ-д анх удаа оролцохдоо хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа мөнгөн медалийн эзэн болов. Түүний энэ медаль Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль болж байна. Энэ өдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс 57 кг-д Н.Насанбуян, 65 кг-д Тулга, 70 кг-д Э.Тэмүүлэн ялагдлаа.


Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорно. Харин эмэгтэйчүүдийн барилдаан Пүрэв, Баасан гарагт болох юм.

 

Холбоотой мэдээ