Ангараг дээр явагч шинэ аппаратыг угсарч дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-04-24 14:39:12

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн сансар судлалын NASA агентлагийн техникчид ангараг дээр явагч шинэ аппарат болох “Mars 2020 Rover”-ийг угсарч дууссан бөгөөд туршилтын сүүлийн үе шатыг эхлүүлжээ. Энэ тухай Space.com цахим хуудас Пасадина хот дахь Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилжээ. Ангараг дээр явагч шинэ аппаратыг угсрах, турших бүх ажлыг уг лабораторид явуулж байгаа аж.


“Туршилтууд, шинэчлэн сайжруулах ажлууд 2020 оны долдугаар сар хүртэл үргэлжилнэ” гэж “Mars 2020 Rover”-ийг бүтээх хөтөлбөрийн удирдагчдын нэг болох Дэвид Грюел ярьжээ. Уг аппаратыг 2020 онд Ангараг руу илгээхээр төлөвлөж байгаа юм.


Жижиг оврын машинтай дүйхүйц хэмжээтэй, зургаан дугуйтай шинжлэх ухааны уг лаборатори нь гурван метр урт, 2.7 метр өргөн, 2.2 метр өндөр, 1050 кг жинтэй байна.


“Mars 2020 Rover”-ийг Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөхийн тулд "Атлас-5" зөөгч пуужин ашиглахаар төлөвлөжээ. Уг аппарат 2021 оны хоёрдугаар сард 45 км-ын голчтой Жезеро тогоо орчимд газардаж магадгүй байна. Уг тогоо нь Ангарагийн экваторын хойд хэсгийн “Isidis Planitia” тэгш газрын баруун хэсэгт оршдог аж.


Ангараг дээр явагчийн гол даалгавруудын нэг бол Улаан нүдэн гараг дээр амьдрал байж болох шинж тэмдгүүдийг хайх юм. “NASA” агентлагийн ажилтнуудын мэдээлснээр, “уг аппарат Ангараг гарагийн геологи, агаар мандлын бүтцийг судалж, нөөц баялгийг нь үнэлнэ.  Үүнээс гадна, энэ гараг руу ирээдүйд аялах үед хүмүүст тулгарч болзошгүй аюулыг тооцоолох аж. Тухайлбал, аппаратны бүхээгт Ангарагийн агаар мандлаас хүчилтөрөгчийг ялгаж авах зориулалттай төхөөрөмж суурилуулжээ. 


NASA 2030-аад оны дундуур хүмүүсийг Ангараг руу аялуулахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ