Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-24 14:53:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Эрдэм шинжилгээний байгууллагууд судалгааны үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаас судалгааны ажлын онол, арга зүйн түвшин буурах, оюуны болон материаллаг нөөц хомсдох, боловсруулалтын ажлын чанар, эдийн засаг, нийгмийн үр өгөөж буурч байгаа юм. Тиймээс уг салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, гадаад орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулав. Хуулийн төсөлд “Шинжлэх ухаан, технологийн ажиллагаа”, “судалгаа хөгжүүлэлтийн ажил”, “шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ”, “судалгааны ажлын үндсэн чиглэл” гэсэн нэр томьёоллыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр тодорхойлж, хуулийн төслийн заалтуудад тусгажээ. Мөн шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор яам, аймаг, нийслэл Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байхаар хуулийн төсөлд тусгасн байна. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор гэрээт ажил, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн тусгай мэдлэг шаардлагатай эрүү, иргэн, захиргааны хэрэгт шинжээчээр ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр эрдэм шинжилгээний ажилд их сургуулиудын эрдэмтэн, докторуудыг оролцуулах , мэргэжилтэн бэлтгэхдээ үйлдвэрлэл, практикт тулгуурлах шаардлагатай гэдгийг УИХ-н гишүүд хэлж байв. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов.


Мөн байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар, Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр ахлуулан байгуулав.

Холбоотой мэдээ