Монгол, Японы батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-24 15:45:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын V зөвлөлдөх уулзалт Токио хотноо өнөөдөр болов.


Монгол талаас Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Ази, Номхон далайн орны газрын захирал Э.Сарантогос, япон талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар ахалж оролцлоо. 


Уулзалтаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт гүнзгийрүүлэх талаар ярилцаж, эдгээр салбар дахь хамтын ажиллагааны ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов.


Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцов.


Талууд нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд болж буй энэхүү зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыг тэмдэглэж, цаашид энэхүү механизмыг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.


Уулзалтад манай талаас, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч Ц.Буянцогтоо, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа А.Гансүх, ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх Ц.Болор нар, японы талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны зөвлөх Р.Шякуда, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлого, гадаад харилцааны газрын дарга Х.Сүзүки зэрэг хоёр улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.





Холбоотой мэдээ