Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-25 12:52:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичгийг хэлэлцэж, дэмжлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татахаар уг албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний ажилд оролцохгүй байхаар заасан. Б.Дэлгэрмааг 2015 онд ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилжээ. АН-ын Үндэсний бодлогын хороо энэ сарын 07-нд хуралдсан бөгөөд Б.Дэлгэрмааг намын дэд даргаар сонгосон юм. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж, Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах албан бичгийг энэ сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.


Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Намын дэд дарга болсон бол үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өөрөө өгч болдоггүй юм уу” хэмээн тодрууллаа.


Элчин сайд Б.Дэлгэрмаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ Ерөнхийлөгчид ирүүлсэн гэдгийг Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа хэлэв.


Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ОХУ-д амьдарч буй иргэдийн эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх үүднээс дараагийн Элчин сайдыг нэн даруй томилох хэрэгтэй гэлээ.


Ийнхүү санал хураахад гишүүдийн 55.8 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ