Завханы малчдын нэгдсэн зөвлөгөөн ирэх сард болно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-04-25 18:40:35

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 24 суманд малчдын зөвлөгөөн амжилттай болж байна. Аймгийн Засаг даргын санаачилгаар “Сайн малчин” дэд хөтөлбөрийг боловсруулан баталж, амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн сум бүр 2019 оны “Малчдын зөвлөгөөн”-өө зохион байгуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Яруу, Нөмрөг, Их-Уул, Алдархаан, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Ургамал, Сонгино, Түдэвтэй гэсэн 14 сум малчдын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулжээ. Сумдын малчдын зөвлөгөөн энэ сарын 28-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр Тосонцэнгэл, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Баянхайрхан сумын малчдын зөвлөгөөн болж байна. Сум бүрийн малчдын зөвлөгөөн өөр өөрийн гэсэн онцлогтой болж байна. Тухайлбал, Баянхайрхан сумын зөвлөгөөн “Морьтон Монгол” 100 хос морьтны үзүүлбэрээр эхэлж, 300 гаруй малчин зөвлөгөөндөө идэвхтэй оролцож санал хүсэлтээ илэрхийлжээ.Ийнхүү 18 сумын малчдын зөвлөгөөнд давхардсан тоогоор нийт 1200 гаруй малчин оролцоод байна. Ирэх сарын 3,4-ний өдрүүдэд болох аймгийн малчдын нэгдсэн зөвлөгөөнд оролцох төлөөлөгчдөө 18 сум сонгоод байгаа талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Дашрамд, өнгөрсөн жил Завхан аймаг малчдынхаа зөвлөгөөнийг Сайн малчин хөтөлбөрийн хүрээнд “Залуу малчдын зөвлөгөөн” нэртэй зохион байгуулжээ. Зөвлөгөөнд 24 сумын 360 гаруй малчин оролцсон байна. Мөн үеэр жил бүр “Байгаль эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-ыг шалгаруулж, нэг сая төгрөгөөр урамшуулдаг болжээ. Энэхүү шагналыг байгаль эх дэлхийдээ ээлтэй, зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, санаачилга амжилт гарган бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж буй гэхчлэн шалгуураар шалгаруулдаг байна. 

Холбоотой мэдээ