Я.Болдбаатар: Уул уурхайтай холбоотойгоор осол гэмтлийн өвчлөл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-07 17:27:18

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОЭТөвийн үйл ажиллагаа болон тулгамдаж байгаа асуудлын талаар тус төвийн дарга Я.Болдбаатартай ярилцлаа.


-Өмнөговь аймгийн БОЭТ шинэ байртай болоод багагүй хугацааг ардаа үдлээ. Шинэ байртай болсноор үйлчилгээ хэр сайжирсан бол?

-Шинэ амбулаторийн барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад орох хуваарьтай байсан. Манай аймгийн ЗДТГ-аас ЭМЯ-тай олон удаагийн уулзалт хийж байж 2018 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан юм. Энэхүү барилгыг ашиглалтад оруулснаар аймгийнхаа иргэдэд үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ ойртож, тохь тухтай болсон, энд ажиллаж байгаа ажиллагсдын ажиллах орчин бүрдсэн. Уг барилга дөрвөн давхар. Амбулаторийн бүх үйлчилгээг энэхүү байранд явуулж байна. Иргэд өглөө ирээд дугаараа авахаас эхлүүлээд үзлэг, шинжилгээ, оношилгоо бүгд энд хийж байна. Мөн 75 ортой, 50 ортой хоёр эмнэлэгтэйгээ хүзүүвчээр холбогдсон нь ажилчид болон иргэд гадаа гарах шаадлагагүй болсон. Өвлийн хүйтэнд ч, цастай бороотойд ч тусламжаа түргэн шуурхай хүргэх орчин бүрдсэн байгаа.


-Хэдийгээр БОЭТ гэсэн боловч бүтэц, орон тооны хувьд нэгдсэн эмнэлгийн стандартаар явж байгаа гэдэг байсан. Бүтэц орон тооны хувьд хэр нэмж байгаа вэ?

-2018 онд аймгийн Эрүүл мэндийн газар, ЗДТГ-аас ЭМЯ-тай сайн холбогдсоны хүчинд 42 орон тоо нэмсэн. Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа бусад БОЭТ-үүд олон орон тоотой байдаг. Гэтэл манай аймгийн хувьд суурин хүн ам 65 мянга даваад явчихсан байна. Үүн дээр хөдөлгөөнт хүн амаа нэмэхээр 120 гаруй мянган хүн амд үйлчилж байгаа тул ачааллаа даахгүйд хүрч байна. Тэгэхээр орон тооны хувьд үнэхээр дутагдалтай байдаг. Одоо 247 ажилчдын 70 гаруй нь эмч, 100 гаруй нь сувилагч нар байдаг. Сангийн яам, Эрүүл мэндийн яамнаас орон тоо нэмэх боломжгүй гэсэн хариуг өгдөг. БОЭТ нэртэй боловч нэгдсэн эмнэлгийн стандартаар явж байгаа. 360 гаруй орон тоотой байж хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм.


-Эмч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Манай аймгаас “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаадад мэргэжил дээшлүүлээд байгаа. Эмнэлгээс хэр хамрагдаж байгаа вэ?

-Эмнэлгийн ажилчдын мэргэжлийг дээшлүүлэхэд урт болон богино хугацааны сургалтуудыг авдаг. Бид эхний ээлжинд дотооддоо нарийн мэргэжлийг эзэмшүүлье, дараагийн ээлжинд гадаадад сургая гэсэн бодлого барьж байгаа. “Зөгийн үүр” хөтөлбөрт манайхаас эмч нар хараахан яваагүй. Голдуу Тайланд, Тайвань руу явуулаад байгаа учраас хамрагдаагүй байгаа. Эмч нарын хувьд Солонгос, ОХУ, АНУ руу явах сонирхол их байгаа. Эрүүл мэндийн яамнаас барьж байгаа бодлого нь эмч нарыг багаар нь явуулъя, ганц эмч, ганц сувилагч явуулаад амжилт олохгүй байна гэдэг зорилго тавьж байна. Үүнийг зүгээр юм гэж харж байгаа. Бидний хувьд жилдээ 10 гаруй эмчээ дотооддоо сургаж мэргэшүүлж байна.


-Иргэдийн өвчлөлийн хувьд бүсчлээд өөр өөр байдаг болов уу. Манай говь нутгийн хувьд ямар өвчлөл зонхилж байна вэ? Үүний хариуд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Бүсчилсэн хөгжлийн хувьд манай аймаг төвийнхөө бүсэд орчихсон яваад байгаа. Үүний хүрээнд судалгаа хийж буй. Манай аймгийн хувьд уул уурхайтай холбоотойгоор осол гэмтлийн өвчлөл их байна. Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн тусламж үйлчилгээг сайжруулахгүй бол болохгүй нь. Ялангуяа яаралтай тусламж үйлчилгээ, гэмтэл, мэс заслын эмч нараа энэ чиглэл рүү хөгжүүлэхгүй бол болохгүй байна. Мөн уул уурхайгаа дагаад халдварт болон халдварт бус өвчлөл ихэсч байгаа. Үүн дээр судалгаануудыг хийж байна, цаашдаа нарийн судалгаа хийх шаардлагатай байгаа.


-Уул уурхайгаа буюу хөдөлгөөнт хүн амаа дагаад осол гэмтэл их байгаа гэлээ. Үүнээс үүдэн эмнэлэгт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Сүүлийн үед осол гэмтэл нь мэсийнхээ өвчлөлөөс давчихаад байгаа юм. Үүнээс үүдсэн хүндрэл их байна. Осол гэмтэлд өртөж байгаа хүмүүсийн дийлэх нь энд бүртгэлгүй байдаг. Манай аймгийн хувьд Улаанбаатар хотоос алслагдсан. 600 гаруй км зам туулж тусламж авна гэж байхгүй. Тиймээс Ханбогд, Цогтцэций сумын эмнэлгүүдээ сум дундынх болгон хөгжүүлж байна. Тухайн суманд тусламж үзүүлэх хэмжээнд бодлогоор тодорхой ажлуудыг хийж байгаа хэдий ч бүрэн шаардах хэмжээнд хүрч чадаагүй байгаа. Энд төвдөө ч гэсэн ялгаагүй осол гэмтлээс үүдсэн өвчлөлд яаралтай тусламж үзүүлж байгаа хэдий ч бүртгэлгүй иргэд олон байдаг учраас хүн хүч хүрэхгүй байх, ачаалал нэмэх, эмчилгээний санхүүд нөлөөлөх гээд хүндрэлүүд их байдаг.


-Эмнэлгийн хүлээн авах дээр ирэхэд архины хордлогод орсон хүмүүс их байх нь анзаарагдсан. Намайг ирэх бүрт л согтуу, архины асуудалтай хүмүүс байнга байхыг харлаа. Үүнээс үүдсэн хүндрэл, бэрхшээл их байдаг юм шиг ээ?

-Бас нэг бэрхшээлийн нэг нь яах аргагүй архины асуудал л даа. Үүнээс гарах арга зам нь хамгийн нэгдүгээрт хүн амын эрүүл мэндийн боловсролыг л дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм. Аймгийн хэмжээнд үүнийг хариуцсан нэг л мэргэжилтэн Эрүүл мэндийн газарт байдаг. Тэр хүн хүрч ажиллах боломж муу байна. Хөгжсөн оронд Нийгмийн эрүүл мэндийн төв гэж тусдаа байгууллага байдаг юм билээ. Уг байгууллагаараа дамжуулан сургалт сурталчилгааг маш сайн хийдэг. Манайд бол энэ л үгүйлэгдэж байна. Манай хүлээн авахын хамгийн хэцүү юм энэ архины хамааралтай үйлчлүүлэгчид л дээ. Согтуу ирээд эмнэлгийн ажилчидтай янз бүрээр харьцдаг, үүнээсээ үүдээд эмнэлгийн ажилчдын нэр хүндийн асуудалд санал гомдол гардаг. Эсвэл шартчихаад зүрх нь өвдөх, даралт нь ихэсдэг. Ер нь төлбөрт үйлчилгээний тусламж үйлчилгээ гэсэн хууль бий л дээ. Гэхдээ үүнийг мөрдөж ажиллахад хэцүү байна л даа. Мөнгөгүй хүмүүсийг яалтай билээ. Харин энэхүү хууль нь нэгдсэн зохицуулалтад орохоор архины асуудалтай тусламж үйлчилгээг төлбөртэй болгох хэрэгтэй. Хэдийгээр Цагдаа дээр эрүүлжүүлэхийн эмч байгаа ч гэлээ иргэд эмнэлэг рүү ханддаг. Тиймээс бидний хүндрэлтэй асуудлын нэг байсаар байгаа. Үүнийг төрөөс бодлогын хэмжээнд авч ажиллахгүй бол цэгцлэхэд төвөгтэй.


-Та өөрөө мэс заслын эмч хүн шүү дээ. Аймагтаа мэс заслын ямар эмчилгээг нутагшуулж байна вэ. Мөн та нутгаа гэж зорьж ирж ажиллаж байгаагийн хувьд бодож төлөвлөснөө хэр амжуулж байна вэ?

-Албаны ажил авсан хүний хувьд аж ахуйн ажил, сургалт, уулзалт гээд ажил их байдаг болсон. Хагалгаанд тун цөөхөн орж байгаа. Манай мэс заслын тасгийнхан бол маш сайн хөгжсөн хамт олон байгаа. Артерийн шөрмөс залгах мэс ажилбарыг хийдэг болгоод ажиллаж байна. Цаашид түрүү булчирхайн хагалгааны багажтай болгоод уг хагалгааг нь нутагшуулчих юмсан гэсэн бодол байна. Мөн вакум өрөөтэй болгоод эндээ түнхний үе, өвдөгний үе сольдог болгочих юмсан гэж боддог. Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгаа хийдэг болох гээд бас зорьж байна. Удахгүй нэг багаж ирнэ. Тэгэхээр энэхүү хагалгааг хийдэг болно.

Одоо барилга байгууламжаа сайхан болгох гээд ид ажил өрнүүлчихсэн явж байна. Орон нутгаас 2 тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. 75 ортой эмнэлэг маань бүрэн засварт ороод маш сайхан боллоо. Засварт орж байгаа хэсгүүдийнх одоохондоо нүүдэлтэй байгаа боловч 7 сар гэхэд засварууд бүрэн дуусчихна гэж төлөвлөж байгаа. Эмнэлгийн гадна тохижилт, машины зогсоолууд, хашаажилт, бүх шугам сүлжээний ажлыг шинэчилж байна. Нутагтаа өөрийнхөө мэдлэг боловсролоо зориулж яваа минь сайхан байдаг.  Бүтээх гэж бодож яваа бүхэн минь санхүүтэй холбоотой хэдий ч болгохын төлөө зүтгэж явна.

Холбоотой мэдээ