Монгол, АНУ-ын ГХЯ-ны консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-26 11:23:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улс, АНУ-ын ГХЯ-ны консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 25-нд Вашингтон хотноо боллоо.


Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, америкийн талын төлөөлөгчдийг АНУ-ын Төрийн Департаментын Туслах  төрийн нарийн бичгийн дарга Эдвард Ж. Рамотовски нар  тус тус тэргүүлсэн бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Сан Франциско дахь Ерөнхий консулын газар, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрн төлөөлөл оролцов.


Консулын энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь Монгол, Америкийн хооронд консулын асуудлаар тусгайлан санал солилцох бие даасан сувгийг нээсэн гэдгээрээ онцлог юм. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ, ГХЯ-ны хамтран хэрэгжүүлж буй  “Хариуцлагатай аялцгаая” аян олон нийтэд хүрч, тодорхой үр дүнд хүрч буйг сайшаав.


Мөн энэ удаагийн уулзалтаар АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт монгол иргэдийг өргөнөөр хамруулах боломжийг эрэлхийлэхээр тогтсоноос гадна Монгол Улс алсдаа АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөрт орох шалгуур үзүүлэлтүүдийг хангах зорилт тавин шат дараатай арга хэмжээ авч байгааг америкийн талд мөн мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ