Монгол-Америкийн Худалдаа хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-26 11:54:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Америкийн Худалдаа хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны 6 дугаар хуралдаан энэ сарын 24-нд АНУ-ын Вашингтон хотноо зохион боллоо. Хуралдааныг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш нээж үг хэлэв.


Талуудын 2004 онд байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороог байгуулсан.  Хамтарсан хороо хоёр талын худалдааны тарифын болон тарифын бус саад, оюуны өмчийн эрх, хөдөлмөр, байгаль орчин, ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчин зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийж ирсэн юм.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Террэнс Ж.Маккартин нар хуралдааныг даргалж, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилт, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, татвар, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчин болон худалдааг хөнгөвчлөх асуудлаар мэдээлэл солилцов.


Энэхүү хуралдаан нь Талуудын 2018 оны 9 дүгээр сард харилцан тохирсон “Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг хэрэгжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг АНУ-тай хөгжүүлж буй улс төр, цэрэг-батлан хамгаалахын харилцаатай ижил түвшинд хүргэхэд чухал үр дүн үзүүлэх юм.

Холбоотой мэдээ