Захиргааны ерөнхий хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-26 13:06:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах буюу үйлчлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах эрхтэй байхаар заажээ Гэвч энэ нь Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө болон УИХ хүчингүй болгоно” хэмээн заасантай зөрчилдөж буй юм. Үндсэн хуулийн цэцээс 2005 онд “Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газрын эрх хэмжээнд халдсан”гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс Захиргааны ерөнхий хуулиар Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхгүй байхаар төсөлд тусгасныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан, “Шүүхийн засаглалын эрхийн асуудалтай холбоотой. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаарх УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоочихоод байхаад Захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Энэ бол хуулийн байгууллагын уялдаа холбоо, чиг хандлага ямар байгааг харуулсан жишээ. Гэхдээ. Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхгүй байхаар тусгасан нь хэт ерөнхий заалт” хэмээн шүүмжлэв.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас заалтыг “УИХ-аас чиглэл өгсний дагуу Засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүх хэлэлцэхгүй” хэмээн өөрчилж, хамрах хүрээг хумьсан гэдгийг дурдлаа.


Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Н.Оюундарь нар дээрх хуулийн төсөлд шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн зохицуулалт тусгасан тул дэмжихгүй гэдгээ илэрхийлэв.


Ийнхүү санал хураахад худалдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ