Циркчдийн зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-29 12:05:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Циркийн урлаг-хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг 5 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Зөвлөгөөнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гадаад Харилцааны Яам, Оюуны өмчийн газар, Монгол Улсын Консерваторийн Цирк бүжгийн урлагийн сургууль зэрэг төрийн байгууллагын төлөөлөл,  Монголын циркчдийн холбоо, Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Шинэ цирк төв, Хадгаа цирк, Аса цирк, Залуу циркчдийн  холбоо, X Roses уран нугаралтын төв зэрэг циркийн мэргэжлийн холбоодын төлөөлөл 70 гаруй хүн оролцоно.

Энэ  зөвлөгөөнөөр  циркийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл солилцож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уулзалт зохион байгуулах юм. Соёлын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, монгол циркийн урын сан, олон улсын стандарт, циркийн уран бүтээлчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хамгаалал, циркийн хүний нөөц, уран бүтээлчдийн нийгмийн асуудал, шавь сургалт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргах юм байна.

Холбоотой мэдээ