Үндэсний өв соёл, монгол бичгээ хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, БСУСГ-ын дарга Ц.Бумангэрэл нартай уулзаж, сонины бодлого, захиалга, монгол бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа. Энэхүү уулзалтад Монгол Улсын ардын багш Д.Төмөр мөн оролцсон юм.
Засаг даргын орлогч
Ж.Мөнхчулуун аймгийн хэмжээнд монгол бичгийг хэрэглээ болгох талаар хийж,
хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, төр, ТББ-ын хамтын ажиллагааны
үр дүнд байгууллагууд гадна хаягаа
монгол бичгээр бичиж, байрлуулж байгааг онцлоод, цаашид монгол бичиг, өв соёлоо
хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа “Хүмүүн бичиг”
сонины Дундговь аймгийн захиалагч, уншигчдын тоо нэмэгдэж байгаад талархаж, хамтран
ажиллахыг хүсээд цаашид монгол бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хүүхэд
залуучуудад өвлүүлж байгаа ямар ч мэдээг сониндоо гаргаж, дэмжиж ажиллахад
бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.