Газар тариалан эрхлэгчид зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн газар тариалан эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 26-нд боллоо. Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд, Монголын Тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Ө.Болдсайхан нар болон аймаг, сумын удирдлагууд, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, тариаланчдын төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, төрөөс
үзүүлэх дэмжлэг, газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын
талаар хөндөж ярилцлаа. Мөн тариалалтад мөрдөгдөх агро горим, зөвлөмж, цаг
агаарын төлөв, үрийн чанар, ургамал хамгаалал, хүнсний ногооны аж ахуйн
тариалалт, үр үржүүлгийн өнөөгийн байдал, органик бордоо хийх боломжууд, шатахуун
тос, банк санхүүгийн талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд хийж, зөвлөгөөнд
оролцогчдын санал хүсэлтийг сонсож, газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх үйл
ажиллагаа, бодлого арга зүйн зөвлөмжийг боловсруулсан юм.
Увс аймгийн хувьд өнгөрөгч 2018 он сүүлийн 30-аад жилд аваагүй арвин их ургац авсан жил байсан юм. Аймгийн
газар тариалан эрхлэгчдийн хувьд энэхүү амжилтаа улам бататгаж, энэ жил илүү
арвин ургац хурааж авах зорилт тавин ажиллахаар боллоо.