Зүүн бүсийн нисэх буудлын ажилтны сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-04-30 15:14:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн 5 аймгийн нисэх буудлын ажилтнуудыг чадавхжуулах, үйл ажиллагааны шинэ мэдээллийг хүргэх, идэвхжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой сургалт, семинар Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудалд зохион байгуулсан талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.


Тус сургалтад Хэнтий аймгийн Өндөрхаан, Дорнод аймгийн Чойбалсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Өмнөговь аймгийн Гурван-Сайхан, Дундговь аймгийн Мандалговь нисэх буудлууд хамрагдсан байна. Энэ үеэр нисэх буудлуудыг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага,  дотоод хяналтын тогтолцоо, аюулгүй ажиллагааны удирдлага, иргэний нисэхийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай үндсэн ойлголтын талаар мэдээлжээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалтын тестийн программыг 5 нисэх буудлын хамт олноор гүйцэтгүүлж, дүгнэн хэлэлцжээ.


Бүсийн нисэх буудлуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нөхөрсөг тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна.  Спортын тэмцээнд багийн дүнгээр Чойбалсан нисэх буудлын хамт олон тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд болов.

 

“Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн нэгж байгуулна

 

Өндөрхаан нисэх буудал  нь 1958 онд ЗХУ-ын нисэх отряд байрлаж байсан суурин дээр 7 орон тоотой ажиллаж эхэлсэн түүхтэй. Орон нутгийн  хэмжээнд  АН-2 онгоцоор Дадал, Норовлин, Биндэр, Батширээт, Баян-Адарга, Бор-Өндөр, Өмнөдэлгэр зэрэг сумдад зорчигч тээвэр, ачаа тээш, шуудан, түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэж байсан.



Монгол Улсын Засгийн газар Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд 2018 оны долдугаар сард нэмэлт өөрчлөлтийн  хэлэлцээр байгуулж  “Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд 3.5 сая ам долларын санхүүжилтээр Хэнтий аймаг дахь “Өндөрхаан” нисэх буудлын аэродром, барилга байгууламжийг шинээр барих  ажлын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах  ажил хийгдэж  дууссан байна. Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ хамтран Төслийн нэгжийг байгуулан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ сарын эхээр зарлаж, уг шалгаруулалт үргэлжилж байна.


Цаашид, Өндөрхаан нисэх буудлын аэродром, барилга байгууламжийг шинээр байгуулах ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах, мөн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 95 жилийн  ойгоор буюу  2020 онд тус нисэх буудлыг нээх зорилт тавин ажиллаж байгаа аж.



Холбоотой мэдээ