Шударга, шаргуу хөдөлмөрлөхийг Си Жиньпин залууст уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-30 16:13:44

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын орчин үеийн залуус ёс суртахуунтай, шударга хүн болж төлөвшихийн сацуу сайхан амьдралын төлөө шаргуу хөдөлмөрлөж, мөнгийг шүтэх, түүхийг үгүйсгэх үзэл зэрэг буруу ташаа ойлголтуудыг сөрөн зогсох ёстой гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин мягмар гарагт мэдэгджээ.


Тэрбээр “Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөн”-ий 100 жилийн ойг тохиолдуулан Ардын дээд хурлын ордонд үг хэлсэн байна.


“Орчин үеийн хятад залуус социализмын үндсэн үнэт зүйлсийг ухаалгаар тодорхойлж, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Залуус Хятад үндэстний уламжлалаас ариун журам ба ёс суртахууныг олж авах чадвартай байх ёстой. Мөн баатруудаас үлгэр дуурайлал авч, өөртөө дүн шинжилгээ хийх замаар ёс суртахууны зан чанараа сайжруулж, шударга ёсыг баримталж, сайн үйл бүтээхийн сацуу олзонд шунах, мөнгийг шүтэх, амьдралд шунах, минийрхэх болон түүхийг үгүйсгэх зэрэг буруу ташаа үзлүүдийг түгээхээс ухамсартайгаар зайлсхийх ёстой” гэж БНХАУ-ын дарга мэдэгджээ.


Си Жиньпин мөн “дэлхий ертөнцийн чухал өөрчлөлтүүдтэй тулгарах үедээ сайн, мууг ялгаж, салгаж, зөв замаар явж, бусдыг сохроор дагахгүй байхын зэрэгцээ дүрэм журмыг чанд баримталж, шударгаар хөдөлмөрлөж, амар хялбар арга замыг хайхгүй, өөрийгөө бусдаас илүү ухаантайд тооцохгүй байхыг” залууст хандан хэллээ.


Зоригтой, тэргүүлэгч, шинийг санаачлагч, бусдыг байлдан дагуулагч, саад бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрэхээс айхгүй байхыг БНХАУ-ын дарга залуучуудад уриалжээ.


Империализмын эсрэг “Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөн” 1919 онд Октябрийн хувьсгалын нөлөөн дор өрнөжээ. Хятадын олон мянган сурагч, оюутнууд Парисын Энх тайвны бага хурлын үеэр Германы колони байсан одоогийн Шаньдун мужийг Хятадад бус Японд шилжүүлэх өгөх шийдвэр гаргасныг эсэргүүцэн Бээжин хотод жагссан байна. Үүнээс гадна, дурдсан газар нутгийг шилжүүлэн өгөх гэрээг Хятадын Засгийн газар бараг жилийн өмнө Японы Засгийн газартай нууцаар байгуулсан тухай мэдээ хятадуудын дургүйцлийг төрүүлжээ. Хятадын олон хотод ажилчид, багш нар, янз бүрийн байгууллагуудын гишүүд оюутнуудын хамт уг хөдөлгөөнд оролцож эхэлсэн байна. Олон тооны баривчилгаа явуулж эхэлсэн нь эсэргүүцлийн ажиллагаанууд, Японыг эсэргүүцсэн жагсаалыг улам бүр даамжруулжээ. Түүнчлэн хүмүүс Хятадын Засгийн газрыг огцрохыг шаардаж байв. Энэ хөдөлгөөнийг хожмоо БНХАУ-ын анхны Ерөнхий сайд болсон Жоу Эньлай идэвхтэй дэмждэг байжээ. Уг хөдөлгөөн нь Хятадын сэхээтнүүдийн ухамсрыг ихээхэн өөрчилж, марксизм, социализмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд том хувь нэмэр оруулсан гэж үздэг байна.


Холбоотой мэдээ